Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны тухай өгүүлэх уран сайхны киноны танилцуулгыг энэ сарын 2-нд олон нийтэд хүргэлээ. "Шүүдэр" продакшны бүтээл "Хотулун гүнж" киноны гол дүрд жүжигчин М. Цэрэндолгор тогложээ. М.Цэрэндолгор нь ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм.
Энэ талаар зохиолч Б.Шүүдэрцэцэг, "Хотулун гүнжийн дүрд тоглох жүжигчнийг бид мэргэжлийн ур чадварыг нь харгалзан шалгаруулалтаар сонгосон. М. Цэрэндолгор нь гадаад гоо сайхнаас гадна тулааны сценүүдийг гүйцэтгэлтэй сайн хийсэн учраас бид сонгосон юм. Киногоороо өнөөгийн залууст түүхийн үнэн байдлыг харуулахыг зорьсон. Мөн эмэгтэйчүүдэд эрч хүч, урам зориг өгөх байх гэж бодож байгаа.
Мөн киноны маань төсөл 4 жилийн өмнө гарсан ч санхүүгийн асуудлаас болоод зогсчихоод байсан юм. Улмаар зураач Б. Хонгорзул тэргүүтэй өнөөгийн реалист зураачид хамтран том хэмжээний үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнгээс худалдаалсан бүтээлүүдийн 50 хувийг манай киноны төсөвт хандивлах юм. Урлагийнхан ингэж нэгнээ дэмжиж ажиллаж байгаад их талархаж байна" гэлээ.
Харин зураач Б. Хонгорзул, “Хөрөнгө оруулагч, сэтгэлээ зориулсан хүний дэмжлэггүйгээр аль ч цаг үед урлаг хөгжиж байгаагүй л байх. Манайд бас энэ тал дээр хамтарч ажиллах, нэг нэгнийгээ дэмжих, ядаж нэг нь нэг бүтээл хийхэд нөгөө хэсэг нь түүнийгээ дэмжиж уялдаа холбоотой байх үүднээс “Хотулун гүнж” киноны санхүү төсвийг дэмжиж уран зургийн үзэсгэлэн гаргаад байна” хэмээв.
Ташрамд "Хотулун гүнж" киноны ерөнхий найруулагчаар С. Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г. Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна. Кино нь нээлтээ хийхээс жилийн өмнө тизерээ цацаж буйгаараа онцлог юм. Зураг авалт нь 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа "Хотулун гүнж" кино 2021 оны 11 дүгээр сард нээлтээ хийнэ.
/Жүжигчин М.Цэрэндолгор/