Энэ сарын 1-нд Монгол Улс ЮНЕСКО-д гишүүнээр элсэн орсон өдөр тохиолоо. Тодруулбал, одоогоос 58 жилийн өмнө буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд манай улс ЮНЕСКО-д элсэн орж, 108 дахь гишүүн орон болж байв.
ЮНЕСКО-гийн Дүрэмд БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол Лондон хотноо гарын үсэг зурж байсан түүхтэй.
ЮНЕСКО нь НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага. Энэхүү байгууллагын Дүрмийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хадгалж, түүнд гарын үсэг зурах, нэгдэх, гарах бүхий л асуудлыг зохицуулж байдаг юм.
ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг нь улс үндэстнийг том жижиг, нийгмийн байгууллаар нь, хүн ардыг арьс өнгө, эр эм, хэл шашин, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр бүх нийтэд адил тэгш хандах явдал юм.
Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон цагаас ЮНЕСКО нь манай улсын нийгмийн байгууллынх нь хэв шинжээс үл харгалзан хамтран ажиллаж, манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудыг нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос зүй ёсоор тэмдэглэж байна.
Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-гоос дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган боломжийнхоо хэрээр хэрэгжүүлж ирсэн явдал манай нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.