ХҮН нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
“Саналаа өгч, сэтгэл зүрхээрээ биднийг дэмжсэн нийслэлчүүддээ талархаж байна. Зарим дүүрэг дээр МАН, АН хоёрын суудал тэнцсэн учраас ХҮН намыг аль нэг намтай эвсэж засаглах уу, сөрөг хүчний байр суурьтайгаар ажиллах уу гэсэн асуулт гараад байна. Үүнтэй холбоотойгоор манай удирдах зөвлөл шийдвэр гаргалаа. УИХ, Нийслэл, дүүргийн түвшинд бид аль нэг намтай эвсэж ажиллахгүй. Хамтарсан засаг байгуулахгүй. Бид зөв зүйлийг нь дэмжинэ, сөрөг хүчний байр сууриа ч хадгалана. Намыхаа мөрийн хөтөлбөрт тусгасан ажлууддаа ажил хэрэгчээр хэрэгжүүлнэ.”
Бид мөн орон нутгийн сонгуулийн хуулийг санаачилна гэдгээ мэдэгдлээ.
ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга:
2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Улсад ардчилсан нийгмийг бий болгох дараагийн шатыг бид гаргаж чадлаа. Нэг шүүгчийн хууль бус захирамжаар манай намыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж, сонгуулийн хугацааны тал хүртэл энэ шийдвэр хэрэгжсэн. Хэрэв бид энэ хугацаанд иргэдтэйгээ уулзаж, сурталчилгаагаа хийсэн бол үр дүн арай өөр байх байсан. Энэ үйл ажиллагаа бол түүхэнд үлдэнэ.
Манайхаас дүүрэгт нэр дэвшсэн хүмүүс дунджаар нэг сая төгрөгийн зардал гаргасан. Энэ бол түүхэнд байхгүй тоо. Бусад намын залуусын хувьд намдаа 40-50 сая төгрөг хандивлаж байж нэр дэвших эрхээ авсан байна лээ. Харин манай намын гишүүдийн хувьд өөрөөсөө 1 сая нэмээд хандив гээд дунджаар 4-5 сая төгрөгт багтааж сурталчилгаагаа хийсэн.