“Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсанд тань баяр хүргэе!
– Монголын төр, Төрийн тэргүүн баялаг бүтээгчиддээ урам хайрлаж, үнэллээ. Баялаг бүтээгчдийг мөн улам урагшлаарай хэмээн ташуурдаж байна гэж ойлгож байна. “Макс” групп 28 жилийн турш баялаг бүтээсээр ирлээ. 600 орчим км зам барьж, олон мянган малчдаас сүүг нь худалдан авч, гадаадад үйлдвэрлэсэн сүүг зах зээлээс түлхэн гаргах их ажлыг эхлүүлсэндээ баяртай байдаг. 100 мянга гаруй орон сууц, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Эдгээр бүтээн байгуулалт бол манай хамт олны амжилт яах аргагүй мөн. Одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийн хамт олондоо баярлаж байна. “Макс” групп ойрын гурван жилд хамгийн багадаа гурван мянган ажлын байр бий болгохоор зорьж байгааг баялаг бүтээгчдийнхээ 60 жилийн ойгоор хэлэхдээ баяртай байна.
Хамтдаа бид илүү сайхан Монгол Улсыг бүтээх боломжууд байгаа гэдэгт итгэдэг.
Мөн энэ том төрийн дээд хүндэтгэлийн эзэн нь байна гэдэг асар өндөр хариуцлага мөн. Ер нь бизнес хийж байхад унаж босох, амжилттай, амжилтгүй төслүүд олон тохиолддог. Хүнд суртал гээд нэг том хана байна. Энэ хүнд суртлын хана олон жил байсаар ирсэн. Цаашид энэ ханыг нураахын тулд төр засаг ажиллаж байгаад баяртай байгаа. Хүнд суртлын ханыг намсгаасай гэж баялаг бүтээгчид бид бүгд хүсдэг.
-Бизнес эрхлэх явцад танд тулгарч байсан бэрхшээлүүд нилээдгүй байсан байх? Хэрхэн давж гарав?
-Сүүлийн арваад жилд эдийн засгийн хоёроос гурван хямрал боллоо. Төгрөгийн ханшийн зөрүүнээс үүдэн, дэлхийд өөр хаана ч байхгүй, өндөр эрсдэлтэй, дарамттай бизнесийн орчинд монголын бизнесийнхэн ажилладаг бас тэмцдэг. Зээлийн хүүд гэхэд л 70-80 тэрбум төгрөг төлсөн байх жишээтэй. Өнөөдрийг хүртэл алдагдалтай байгаа бизнес манай группт ч бий. Жишээлбэл, манай үнээний ферм юм. “Монголчууд бид 70-80 сая малтай байж, малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнээ баялаг болгож чаддаггүй. Гадаадаас импортоор сүү худалдан авдаг байдлыг зогсоохын тулд бид үнээний фермээ алдагдалтай ч гэсэн ажиллуулж байна. Бид хийхгүй бол хэн хийх билээ, бусдыг хийхийг нь хүлээвэл хичнээн цаг хугацааг бид алдах вэ? Олон жил зарцуулахыг таашгүй. Коронавирусын цар тахлын хүнд үед манай компанийн баланс хасахтай байна гээд барууны компаниуд шиг шууд хаалгаа баривал дампуурахаар нөхцөл олон л тохиолддог. Гэхдээ ажлын байраа хадгалж үлдэхийн тулд ашиг харахгүйгээр том зорилгын төлөө зоригтойгоор ажилладаг, дампуурлаас ч үл хамааран зүтгэдэг бизнес эрхлэгчид зөвхөн Монголд байдаг.
-Анх бизнесээ хэрхэн эхлүүлж байсан талаараа эргэн дурсвал.
-Бид бүхнийг “0”-ээс эхлүүлсэн. Би хүүхэд байхдаа ээж аавдаа тус болох гэж, дүрэмт хувцасныхаа мөнгөнд нэмэрлэх гээд самар түүж зардаг байлаа. Дараа нь юм оёж зарж ч үзсэн. Сүүлд хувиараа эрхлэх аж ахуй байгуулан ажиллаж эхэлсэн. Ганзагын наймаа хийж, бизнесээ эхлүүлж байхад банкны хүү маш өндөр байсан нь хүнд байлаа. Ер нь баялаг бүтээгчид дардан замаар явдаггүй. Өнөөдрийн манай улсын эдийн засгийн 70-80 хувийг бүрдүүлж байгаа, хувийн хэвшилд нэг сая гаран хүн ажиллаж байгааг харахад би хувьдаа маш их бахархдаг. Хөдөлмөрт дуртай, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрдэг болгож өсгөсөн ижий аавын минь ач их гэж боддог. Залуу насандаа вагоноор гэр хийгээд явж байсан үе саяхан юм шиг санагдаж байна. Ганзагын наймаа хийж байсан хүн бүр энэ замыг туулаад өнгөрсөн. Купендээ багтахгүй их “гахай” аччихсан, дээгүүр доогуур нь шургаж гараад, Орос Хятадын хооронд наймаа хийж вагоноор л гэр хийж явлаа. Ганзагын наймаанд явах бүртээ 13 хоног вагонд амьдардаг байсан. Хэрвээ мэдрэмжтэй, зөв сонголт хийсэн бол олон мянган рубль халааслаад ирдэг, буруу сонголт хийсэн бол баахан “гахай”-гаа аваад буцаж байсан тэр үе бол бүхнийг тэгээс эхлүүлж, бизнесийн амжилтад хүрэх зам минь байсан.
Эх сурвалж: president.mn