Камбожийн Куммерийн дэглэмийн үеэс газарт булагдан үлдсэн мин, бусад төрлийн дэлбэрч тэсэрдэг металл одоо ч хэдэн саяараа тус улсын хөрсөнд идэвхтэй байдаг. Тэгвэл “карьер”-ынхаа туршид тус улсын нутгаас газрын 39 мина, 28 тэсэрдэг зэвсэг илрүүлсэн Магава хэмээх аварга уутат оготныг Их Британид төвтэй Эрсдэлт амьтныг хамгаалах ардын эмнэлэг (PDSA) хэмээх олон улсын байгууллага эр зоригийн Алтан медалиар шагналаа. Энэхүү байгууллага одоогоор онцгой гавьяа байгуулсан 30 амьтныг шагнаад байгаагаас Магава анхны мэрэгч нь болжээ.
Долоон настай Магава Танзанийн “уугуул”. 1.2 кг жинтэй, 70 см урт. Бельгийн харьяа “Aпoпo” хэмээх байгууллагын “ажилтан”. Авьяаслаг оготно теннисний талбайн хэмжээтэй газрыг 20 минутад нэгжиж, аюултай металлыг илрүүлдэг байна. Харин ийм хэмжээний газрыг хүн металл илрүүлэгчтэй байсан ч 1-4 өдөр зарцуулж байж аюултай үгүйг нь тогтоодог юм.
Газрын минатай тэмцэх олон улсын байгууллагын тооцоогоор Камбожид 1979 оноос хойш мянга мянган хүн газрын минд өртөж, 64 мянган хүн амиа алдан, 25 мянган хүн тахир дутуу болжээ.