Австралийн түүхэн дэх хамгийн олон халим эрэг дээр гарч ирсэн хэрэг явдал энэ даваа гарагаас эхлэн олон улсын анхаарлыг татаад байна. Байгаль хамгаалагч, амьтан судлаач, эргийн харуулынхан яаж ч гар нийлэн ажиллаад Тасмани арлын баруун эрэгт хэдэн зуугаараа гарч ирсэн халимнуудыг их усанд нь буцааж чадахгүй байгаа юм. Сүүлийн мэдээгээр 390-ээд буюу бараг 400 халим эрэг дээр амь тавиад байна. Аврагчид лхагва гарагийн орой 50 халим аварсан ч бусад нь ийнхүү амьсгал хураажээ. Тасманийн эрх баригчид “Нэг ч гэсэн халим амьд байгаа цагт аврах ажиллагаа үргэлжилнэ” хэмээн мэдэгдээд байна.
Халим юуны учир ингэж олноороо эрэг дээр гарч ирж, амиа егүүтгэдгийг шинжлэх ухаан өнөө ч бүрэн тайлаагүй юм. Австралид хамгийн сүүлд 1996 онд 320 гаруй халим ийнхүү хэдэн зуугаараа эрэг дээр гарч ирж амиа хорлож байв. Харин Тасмани арлын хувьд энэ хүртэлх дээд рекорд нь 1935 онд 294 халим эрэг дээр амь тавьсан явдал байлаа. Тасмани хавийн халим дунджаар долоон метр урт, гурван тонн жинтэй байдаг байна.