Японы Засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн шинээр гэр бүл болсон залуу хосод 600 мянган иенийн тэтгэмж олгохоор болжээ. Энэ нь шинээр гэрлэгсдийг дэмжих, жилээс жилд буурч байгаа төрөлтийн хувийг өсгөх зорилготой тусгай хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хожуу гэрлэх, эсвэл бүр огт гэр бүл болохгүй байх хандлага япон залуусын дунд жилээс жилд өсөж байгаа. Иймээс дээрх тэтгэмжийг авахын тулд шинээр гэрлэсэн хосын хэн хэн нь 40-өөс доош насны байх, дундын орлого нь 5.4 сая иенээс доош байх зэрэг шаардлага тавьжээ.
Япон улс хүн ам нь огцом хурдаар уруудаж буй орны нэг юм. Гэрлэсэн япон эмэгтэй дунджаар 1.36 хүүхэд гаргаж байна гэсэн тооцоо бий бол өнгөрсөн жил ердөө 865 мянган хүүхэд мэндэлсэн нь урьд хожид байгаагүй хамгийн бага тоо байжээ. Харин санхүүгийн дэмжлэг үзүүлбэл төрөлтийн хувь өснө гэж албаныхан найдаж байна. Учир нь судалгаанд хамрагдсан 25-34 насны ганц бие япон эрчүүдийн 30, мөн насны ганц бие япон эмэгтэйчүүдийн 18 хувь нь хангалттай орлого олж чаддаггүйгээ хүнтэй гэрлэдэггүй гол шалтгаанаар нэрлэжээ.