Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.13/ Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Халхгол суманд хийсэн цогц бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаараа дурдаж, алслагдмал байдлаас үл хамааран тохь тухтай орчныг бүрдүүлж болдгийн жишээ юм хэмээн онцоллоо.
Мөн Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт “Эхийн алдар” одон гардуулж, зүүн бүсийн транзит тээврийг эхлүүлэх нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан талаараа иргэдэд мэдээлэл өгч, “Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн говийн бүсэд хэрэгжүүлж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад бетон дэр нийлүүлж буй “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан талаараа ярьж, хоногт таван ээлжээр ажиллаж буй залуусын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж буйгаа энэ үеэр хэллээ.