Норвегийн парламентын гишүүн, хэт барууны үзэлт Крисчен Тайбринг-Гжедд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг Израиль болон Арабын нэгдсэн эмирт улсын хоорондох харилцаанд ахиц дэвшил гарахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн Нобелийн энхтайвны шагналд дэвшүүлсэн байна. Тэрээр Fox News сувагт өгсөн ярилцлагадаа “Тэр бусад энхтайвны шагналтнуудаас илүү их зүйл хийж бүтээсэн” гэжээ. Трамп энэхүү мэдээнд талархаж байгаагаа Twitter хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
Үндэсний хэмжээнд төрийн алба хашиж байгаа ямар ч улстөрч, төрийн тэргүүн, сайд нар өөрийн хүссэн хэнийг ч Нобелийн шагналд дэвшүүлж болдог аж. Өнгөрсөн оны Нобелийн энхтайвны шагналд гэхэд нийт 318 хүнийг дэвшүүлээд байжээ.
Тайбринг-Гжедд өмнө нь Норвегийн өөр нэг улстөрчийн хамт Трампийг хоёр Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Нобельд дэвшүүлж байж. Харин Норвегийн Нобелийн хороо иймэрхүү хүсэлтийн талаар олон нийтэд мэдээлдэггүй байна.