гэрэл зургийг: MPA
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын /мажоритар/ тогтолцоогоор явуулах талаар албанаас мэдээлж байгаа.
Нийслэлийн орон нутгийн сонгууль 45 мандаттай. Хуульд заасны дагуу намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор зарлаж эхэлсэн. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өнгөрсөн Ням гарагт болж, ирэх сард болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших 45 хүнээ зарласан.
Харин Ардчилсан нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ арай зарлаагүй байгаа бөгөөд Нийслэлийн АН МАХН, ШИНЭ намтай хамтарч ажиллан, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна.