Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Түүхийн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэгч компаний удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцлоо. Уулзалтанд гүйцэтгэгч компаний төлөөлөгчид болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцож бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа. Уулзалтаар “Мянганы суут хүн, Их эзэн-Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын хүрээлэнгийн барилгын ажил болон холбогдох бусад асуудлын талаар хэлэлцлээ.
Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт аялал жуучлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож УИХ-аар батласан. Засгийн газар, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж батлуулах Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ чиглэлийг суулгасан юм. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуучлалын яам байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад нийт зургаан цогцолбор байгуулагдах юм. 13-р зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан”-аар овоглосон түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болох юм. Бүтээн байгуулалтын ажлыг 2023 он гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Аялал жуулчлалын үндэсний хүрээлэнд “Чингис хаан”, “Хүлэг баатар Боорчи-Андын барилдлага” , “Шихихутуг-Их засаг хууль”, “ Эзэнт гүрэн -Их хуралдай” зэрэг зургаан цогцолбор сүндэрлэн босно. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” цогцолбор байгуулах ажил эхэлсэн.
1. “ИХ ЭЗЭН-ЧИНГИС ХААН” ЦОГЦОЛБОР
Энэхүү цогцолбор нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн Дадал суманд баригдана. Одоогоор зураг төслийн ажил хийгдэж байна. Үндсэн байгууламж нийт 4000 м2 талбайтай. Цогцолбор 2023 онд ашиглалтад орно. Энд тахилын сүм, үзэсгэлэнгийн танхим, кафе, музей, дижитал үзмэр, бэлэг дурсгалын дэлгүүр, 250 хүний багтаамжтай амфитеатр гэсэн хэсгүүд байх юм.
2. “ХҮЛЭГ БААТАР БООРЧИ-АНДЫН БАРИЛДЛАГА” ЦОГЦОЛБОР
“Хүлэг баатар Боорчи 2 Андын барилдлага” цогцолбор Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байна. Энэ цогцолборын гол хэсэг болох “Андын барилдлага” өргөө газраас доош гурван метр, газраас дээш 18, нийт 21 метрийн өндөртэй . Харьцуулбал зургаан давхар барилгатай дүйцэхүйц хэмжээтэй юм. Энэ өргөө дуулга тулган золгож, тэнгэрийн нэрийг барин андгайлж байгаа хоёр баатрыг илэрхийлсэн юм. Байгууламжийн гаднах дүр зураг Бөртэ чоно, Гуа маралыг билэгдсэн хоёр чоно тэнгэр өөд цоройж байгааг илэрхийлнэ. Өргөө дотор өв соёлын музей байгуулж 13-р зууны үеийн ховор үзмэрүүдийг анх удаа дэлгэхээр төлөвлөсөн.
3. “ШИХИХУТУГ- ИХ ЗАСАГ ХУУЛЬ” ЦОГЦОЛБОР
“Шихихутуг- Их засаг хууль” цогцолбор Хэнтий аймгийн Норовлин суманд баригдана. Цогцолборын гол бэлэгдэл болсон хөшөөг жигүүрт мориор дүрсэлсэн. Тус цогцолборын барилга нь 60 метр урт, 9 метр өндөртэй өвөрмөц хийц бүхий байгууламж байх юм. “Шихихутуг” цогцолборт номын сан, ёслол хүндэтгэлийн өргөө, музей зэрэг хэсгүүдтэй байна. Энэ онд багтаж музейн сургалт судалгааны төвийн барилгын ажил, гадна шугам сүлжээ зэргийг хийж дуусгахаар төлөвлөсөн. Одоо ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.
4. “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” ЦОГЦОЛБОР
“Монголын нууц товчоо” цогцолбор Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж байна. 27 метр өндөртэй энэ цогцолбор есөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй юм. Дотор нь “Монголын нууц товчооны Дэлхийн ном” музейг байгуулж, нууц товчооны 30 хэлээр хэвлэгдсэн 300 гаруй номыг байршуулна. Эзэн Чингийсийн “Аураг” ордон байсан Хөдөө аралд архелогийн судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхим, Ауруг ордын туурь, Монголын нууц товчоо дурсгалын хөшөө, Цагаан сүргийн тахилгын өргөө зэргийг Монголын нууц товчоо цогцолборт шийдэж өгөх юм.
5. “ИХ ХУРАЛДАЙ ЦОГЦОЛБОР”
Энэхүү цогцолбор нь Хэнтий аймгийн Биндэр суманд баригдаж байна. Нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрхийг тодотгож, МУУГЗ Д.Төртогтох зохиомжийг нь гаргасан. Их монгол улс гал голомтоо бадраасан энэ нутагт есөн хөлт цагаан тугийн билэгдэлт байгууламжийг барьж байгаа юм. Цогцолборын гол өргөө нь 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон байна. Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д. Төртогтох хэлэхдээ “Монгол улсад байх хамгийн их сийлбэртэй бүтээн байгуулалт хуримын ордон байдаг бол тун удахгүй хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалтаар “Их хуралдай цогцолбор нэрлэгдэнэ” гэлээ. Энд эзэн Чингисийн гал голомтын үнс,цучил анх удаа тавигдана.
6. “МОНГОЛЫН ДАЛД УУЛ УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ” ЦОГЦОЛБОР
Энэхүү цогцолбор Хэнтий аймгийн Бэрх тосгонд байгуулагдана. Энэ цогцолборыг уул уурхайн яам хариуцаж байгаа юм. Бэрхийн уурхайн уулын цех, үйлдвэрт ашиглаж байсан босоо ам, өргөх байгууламж, баяжуулах цех, тэдгээрт хадгалагдаж үлдсэн техник, тоног төхөөрөмж, уурхайн бусад хэсгийн барилга, байгууламжуудаас гадна салбарын инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байсан туршлага, түүхэнд үндэслэн энэ цогцолборыг байгуулахаар болсон юм.
Эх сурвалж: БОАЖЯ