“Тэр” булангийн зочноор УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Т.Ганболд оролцлоо.
Түүний яриаг хүргэж байна.
Намайг Тордайн Ганболд гэдэг. Аавын маань нутаг Архангайн Эрдэнэмандал сум. Ээж маань Архангайн Булган сумынх.
Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Нэг ахтай. Өвөө маань “саятан жолооч” Ц.Самбуу гэж тээврийн жолооч хүн байсан. Тэр үед тээврийн жолооч нар мөнгө боломжийн авчихдаг байсан болохоор багаасаа л мөнгөтэй харилцаж сурч дээ. Тэр үеийг эргээд бодоход их л хариуцлагатай үүрэг байж.
Арван жилдээ Франц хэлний сонгон суралцах ангид сурч байсан болохоор Гадаад хэлний дээд сургууль сонгож Франц хэлний ангид элссэн. Мэддэг хэлний ангидаа л орчихсон юм. Дараа нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид сурсан. Үүний дараагаар Холбооны Бүгд найрамдах Герман улсад Засгийн газрын тэтгэлгээр эдийн засаг, маркетинг менежментээр сурч төгссөн.
Манай эхнэр надаас 10 гаруй насаар дүү. Би хожуу гэр бүл зохиосон. Манай эхнэр арван жилдээ Швейцарт, дараа нь Германд сурч байсан. Улаанбаатар хотод нэгэн компанид дадлага хийж байхад нь санамсаргүй байдлаар анх танилцаж байлаа. Сүүлдээ хувь заяа юм уу, тэр хүн надад таалагдаж эхэлсэн. Би ч эргүүлж тойруулж эхэлсэн. Өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад аваад суучихсан даа. Одоо манайх дөрвөн хүүхэдтэй.
Хэд хэдэн эрсдэлтэй төслүүдийн ард амжилттай гарч байлаа. 2000 оны эхээр үндсэндээ Монгол улсын газар тариалан зэрэг бүх юм зогсчихсон байхад ОХУ-ын Алтайн хязгаараас Монгол Улсын гол том гурилын үйлдвэрлэгч болох Алтан тариа, Улаанбуудай гурил компаниудыг импортын гол түүхий эд улаан буудайгаар хангах ажлыг хийж байсан. Нягталж шалгаж болохгүй, хориотой, бүх юм нь хураагдчихсан, дотоодын цэрэг хяналтандаа авчихсан, татвараас бүх юмыг нь лацадчихсан, Орос эзэн нь асар их өрөнд ороод хаяад явчихсан “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авч, эрсдэлтэй том ажил руу орж байсан.
Бүр жаахан байхдаа 19,20 настайдаа ганзагын наймаанд явна гэдэг нь л надад амь насаа сорьсон хатуу сорил байсан.
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” гэж Монгол улсын анхны хар металлургийн суурь, дэд бүтэц, анхны хүнд үйлдвэр. Энэ үйлдвэрийг 2006-2009 оныг дуустал гурван жил гаруй хугацаанд удирдсан. Энэ хугацаанд энэ үйлдвэрийн эдийн засгаг, нөхцөлийг өмнө нь болон надаас хойш хэзээ ч байгаагүй өсөлттэй хэмжээнд нь хүргэсэн. Үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 20 гаруй хувьтай байсан бол 90 хувь шахуу хүрч байсан. 300 ажилтантай байсан бол 1250 ажилтан болж өссөн. Дундаж цалин 280 мянган төгрөг байсан бол нэг сая төгрөг болгосон. Тухайн үед долларын ханш мянган төгрөг байсан. Манай цех, хэлтсийн дарга нарын цалин 3-5 мянган доллартой тэнцэхүйц хэмжээний цалин авдаг ийм цаг үе байлаа.
Эргээд харахад боломжгүй шахуу нөхцөл байдлуудаас эхэлсэн ажлууд дээрээ сайн үр ашиг, боломжийг үүсгэсэн эерэг үр дагавар гаргасандаа баярладаг.
Энэ удаагийн сонгуульд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байна.
Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарсан. Орон нутагт боловсруулах үйлдвэрүүд барьж ажлын байр бий болгох, энэ хэрээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж харж байна. Ингэж байж уул уурхайн салбарын орлого бүлэглэлийн гарт биш, орон нутгийн хөгжилд зарцуулагддаг болно. Мөн энэ орлого эргэлтэнд орж, дараа дараагийн салбартаа буюу хөдөө аж ахуй, мал аж ахуйд зарцуулагддаг байх ёстой гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан.
УИХ-ын гишүүд сая гаруй төгрөгийн цалинтай ажил руу ингэж хошуурч орж ирдэг. Гэвч тэд тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй болж хөлждөг. Дуртай цаг үед нь энэ хүмүүсийг огцруулж болох хууль бий болгох юмсан гэсэн хүсэлтэй. Бие даагч нарыг ганцаараа гэж ойлгоод байдаг нв буруу л даа. Намын гишүүдтэй адил нэг саналын эрхтэй субъект. 25-р суваг тв-ийн З.Алтай гуай бие даагч нарыг шүүмжилсэн байсан. Өөрөө бие даагч байсан хүн. Хүн өнгөрсөн рүүгээ нулимах шиг муухай юм байхгүй.