БНСУ-ын Засгийн газар иргэд хоорондоо “зай барьж” харилцах хорио цээрийн онцгой дэглэмийн хугацааг 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл дахин хоёр долоо хоногийн хугацаагаар сунгаад байна. БНСУ-д халдварын тохиолдол өдөр бүр буурч байгаа боловч гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дотоодод хэсэг бүлгээр голомтлон халдвар авах эрсдэл өндөр хэвээр байгааг Солонгосын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Иймд манай иргэд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн мөрдөж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!
1.Нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг чанд сахих нь зүйтэй.
2.Нийт иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гадуур аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, аялалыг хойшлуулах ба цуцлах, зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.
3.БНСУ-ын Засгийн газар хэсэг бүлгээрээ голомтлон халдварлах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, цэнгээний газруудын үйл ажиллагаанд тавьсан хорио цээрийн хязгаарлалтыг хэсэгчлэн нээхээр шийдвэрлэсэн. Гэхдээ зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд хорио цээрийн дүрэм, журмыг хатуу мөрдөх, хэрвээ шаардлага хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглох, захиргааны арга хэмжээг биелүүлээгүй бол тухайн байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн арга хэмжээ авна.
4.Танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу.
5.Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрээр иргэд болон консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд коронавирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс консулын үйлчилгээг иргэдэд зөвхөн шуудан болон цахимаар үзүүлж байна. Ингэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай үйлчилгээг Солонгост хорио цээрийн онцгой дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй тул түр азнахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ