Улсын хэмжээнд хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа үед гэр бүлийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн эрх чөлөөнд нь халдах гэмт хэрэг өмнөх оныхоос бага зэрэг буурсан ч гэр бүлийн орчиндоо хүчирхийлэлд өртөх хандлагатай байгааг албаны байгууллагуудаас сануулсаар байгаа билээ.
Мөн УПЕГ-аас мэдээлэхдээ: 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн эсрэг 39 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндсэн 134 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх онтой харьцуулахад 8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар мэдээлсэн.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн 704 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь урьд оны мөн үетэй харьцуулбал 33 хувиар буурсан. Эдгээр хэргийн 61 хувь нь Нийслэлд, 39 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн 53 хувийг нь шүүхэд шилжүүлсэн ажилласан байгааг мэдээлсэн.
Улсын хэмжээнд бага насны охидыг хүчиндэх гэмт хэрэг бага зэрэг буурсан ч охид хойд аав, төрсөн аав, ах болон хамаатан садангийн хүмүүстээ хүчиндүүлэх тохиолдол гарсаар байна.
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Хүннү билла хотхоны … тоотод хойд аав нь охиндоо бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарлаа.
Тодруулбал, 16 настай охины хойд аав болох эрэгтэй 39 настай Ө.Б нь унтаж байхад нь янз бүрээр бэлгийн дарамт үзүүлж улмаар хүчиндэхийг завджээ. Уг хэргийг охины ээж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж ирсэний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.