Ковид-19 вирустэй холбогдох нөхцөл байдал нь ханган нийлүүлэлт, аж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн сул зогсолтод хүргэж байгаа талаар өдөр бүр мэдээлж байгаа хэдий ч хамгийн хүнд үетэй хараахан нүүр тулаагүй байна. Ковид-19 вирус дэлхийн нийлүүлэлтийн хэлхээнд үзүүлэх нөлөөллийн оргил үе нь 3-р сарын дундуур гэж таамаглаж байна. Энэ нь АНУ болон Европ дахь угсрах үйлдвэрүүд болон бусад үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, түр хугацаагаар хаахад хүргэсэн. Хятад улсаас үйлдвэрлэлийн эд анги болон түүхий эд зэрэг нь хамааралтай компаниудад хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Өнгөрсөн сард эхэлсэн Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагааны уналт ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна.
Ковид-19 вирус Дэлхийн эдийн засгийн зах зээлд үзүүлж буй нөлөөллийг 2002-2003 оны үед дэгдсэн SARS-ын үеийн эдийн засагтай харьцуулж үзэж байна. Сүүлийн 18 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн экосистемд Хятад улсын үзүүлэх нөлөө, ач холбогдол асар их өссөн тул энэхүү харьцуулалт нь учир дутагдалтай юм.SARS-ийн тархалтын үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд Хятад улс дэлхийн улс орнуудтай хийх худалдаа арилжааг 2 дахин нэмэгдүүлж чадсан бөгөөд олон аж үйлдвэрийн салбарууд Хятадаас ихээхэн хамааралтай болсон. 2002 онд SARS-ын тархалт эхэлж 2003 он гэхэд нийт 8000 тохиолдол бүртгэгдсэн бол Ковид-19 вирусын 80,000 тохиолдол аль хэдийн бүртгэгдээд байна. 2002-2003 онд Хятад улсын ДНБ нь дэлхийн ДНБ-ний 4.31% -ийг эзэлж байсан бол өнөөдөр дэлхийн ДНБ-ний 16% -ийг эзэлж байгаа нь бараг 4 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Ханган нийлүүлэлтийн зардалыг бууруулах нь аж ахуйн нэгж компаниудыг хаягдал багатай үйлдвэрлэл, оффшор, аутсорсинг зэрэг стратегиа хэрэгжүүлэхэд түлхэц болсон. Зардлыг бууруулах арга хэмжээ нь ханган нийлүүлэлт тасалдсан тохиолдолд үйлдвэрлэлийг хурдан зогсоох хэрэгсэл юм. Ихэнх томоохон компаниуд Азид юу болж байгааг, ямар эрсдэл, хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар ойлголтгүй байдаг учир нь нийлүүлэлт хийдэг компаниуд дэлхийн аль хэсэгт байрладаг гэдгийг мэддэг нь цөөхөн юм.
БНХАУ-ын засгийн газраас хүн амын бараг тал хувийг хорио цээрийн дэглэмд оруулсан нь тээвэрлэлт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаагаас үзвэл Ковид-19 вирус Хятадын үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө SARS-аас илүү гэдэг нь тодорхой байна.
2002-2003 оны SARS-ийн тархалт, 2010 оны 3-р сард Исландын галт уулын дэлбэрэлт, 2011 оны 3-р сард Японд болсон газар хөдлөлт, цунами, 2011 оны 8-р сард Тайландад болсон үер зэрэг үйл явдлын дараа компаниуд бараа материалынхаа нөөц хэмжээг 15-30 хоногоор нэмэгдүүлэх болсон. Хятадын цагаан сарын баярын долоо хоногийн амралт зарим компаниудыг бараа материалын нөөцөө нэг долоо хоногоор нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байх боломжтой. Тиймээс ихэнх компаниудын бараа материалын нөөц нь тэдний нийлүүлэлтийн хэлхээн стратегиас хамааран 2-5 долоо хоногийн хугацаанд ямар нэгэн нөөц шаардахгүйгээр үйлчлүүлэгчдийн эрэлтийг хангах боломжийг олгосон. Хэрэв түүхий эд, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт удаан тасалдсанаар үйлдвэрлэл зогсох шаардлагатай болно.
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаанд өөрчлөлт орно. АНУ эсвэл Европруу далайн тээвэр дунджаар 30 хоногт хийгддэг. Энэ нь 1-р сарын 25-нд Хятадын баярын өдрүүд эхлэхээс өмнө үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон бол сүүлчийн ачилт нь 2-р сарын сүүлийн долоо хоногт ирнэ гэсэн үг юм. Эдгээрээс үзэхэд 3-р сарын дундуур угсрах, үйлдвэрлэх байгууламжуудыг түр хаах эрсдэл гарч болзошгүй байна.
Зарим үйлдвэрлэгчид аль хэдийнээ БНХАУ-дахь үйлдвэрүүдээс бусад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн жишээлбэл Fiat Chrysler Automobiles NV компани 2-р сарын 14-ний өдөр "Серби улс дахь автомашин үйлдвэрлэлээ Хятадаас эд анги авах боломжгүй болсон гэсэн шалтгаанаар түр зогсоосон" гэж мэдэгдсэн. Үүнтэй адилаар Хюндай компани "Хятадад коронавирусын дэгдэлт идэвхжиж сэлбэгийн нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан БНСУ дахь үйлдвэрлэлээ зогсоохоор шийдсэн" гэжээ. Эдгээр хоёр жишээ нь бидний хийсэн анализтай таарж байна учир нь Хятадаас эдгээр улсууд руу нийлүүлэлт хийх хугацаа 30-аас бага хоног байдаг тул тасалдалд амархан өртдөг.
Өндөр-технологийн салбарт ч энэ нөлөөлөл чухал ач холбогдолтой бөгөөд Apple компани 2-р сарын 17-нд улирлын орлогоо төсөөлж байснаас бага байх болно гэж мэдэгдсэн. Тус компани нь хоёр сорилттой тулгарж байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн зах зээл дээрх iPhone-ийн нийлүүлэлт хязгаарлагдсан болон Хятадын зах зээл дэх эрэлт эрс буурсан явдал юм.
Бусад салбарууд ч энэ хоёр нөлөөлөлд өртөж байна. Дэлхийн хэмжээнд өргөн хэрэглээний сав баглаа боодол нийлүүлдэг үйлдвэрлэгчийн хэлснээр энэ сард Хятад улсад борлуулалт нь 2019 оны 2-р сараас 50% -иар бага байна гэж хэлсэн. Мөн түүнчлэн жишээ болгоход Хятадад үйлдвэрлэгдэж дэлхий даяар зарагддаг хуримын хувцас, даашинз гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосноор зуны хуримын улиралд нийлүүлэлт ихээхэн хомстоход хүрнэ.
Коронавирусын тархалт томоохон боомтуудад хэдийнээ нөлөөлөөд эхэлсэн. Роттердамын боомтын гүйцэтгэх захирал Аллард Кастелейн хэлэхдээ “Коронавирусын нөлөө аль хэдийн харагдаж байна. Эдгээр өдрүүдэд Хятадын боомтуудаас ирэх тээвэрлэлт 20% -иар буурсан байна. ” Францын Ле Гавр хотын боомт дахь үйл ажиллагаа мөн удааширч, хоёр сарын дотор 30% буурч магадгүй байна. Мөн түүнчлэн АНУ-ын боомтуудад үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийж эхэллээ.
Дүгнэж хэлэхэд бид дэлхийн хэмжээний үйлдвэрлэлд үзүүлэх эдгээр нөлөөлөлд бэлэн байх ёстой. Энэ нөлөөлөл хоёроос гурван долоо хоногийн дараа эрчээ авах бөгөөд олон сарын турш үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: http://www.hbr.org