ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨ ЭРДЭНЭТДЭЭ ҮЛДЭЖ ЧАДДАГ УУ?
Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны гүйлгээг харахад:
2019 онд Эрдэнэт үйлдвэр 1 их наяд, 66 тэрбум, 562 сая төгрөгний худалдан авалтын төсөв батлагдснаас, 500 гаруй тэрбум төгрөгний худалдан авалт хийжээ.
Өнгөрсөн оны нийт худалдан авалтын 10 орчим хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг Жижиг дунд үйлдвэрлэгч нараас авсан байна.
Бид энэ удаагийн лайв хэлэлцүүлгээрээ Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Орхон аймгийн Жижиг дунд үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэх боломж байна уу, өнгөрсөн жилийн 10 орчим хувийг өсгөх боломжтой юу талаар хэлэлцлээ.
Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн орлого өсөх нь олон ажлын байр бий болох, цаашлаад тухайн аймаг хөгжих гол хүчин зүйлд болдог билээ.
Зочноор:
- Ч.Батсүх
“Цагаан жим” маскны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал
- О.Саранчимэг
“Эрдэнэт хаан сүү” ХХК-ийн захирал
- Ж.Цагаанцоож
“Орхон аймгийн тогоочдын холбоо” ТББ-ын тэргүүн
- Д.Батбаяр
“Ленда” ХХК-ийн захирал
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалт хариуцсан ажилтныг урьсан боловч тодорхой шалтгааны улмаас хэлэлцүүлэгт орсонгүй.
Та бүхэнд хэлэлцүүлгийн онцлох ишлэлийг хүргэж байна.
“Цагаан жим” маскны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Батсүх:
- Манай компани Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг. Байгуулдаад таван жил болж байна. Хөдөлмөр хамгааллын болон тоос, вируснээс хамгаалах олон улсын чанарын шаардлага хангасан N95 маскыг үйлдвэрлэдэг.
- Бид Эрдэнэт үйлдвэрт маскаа нийлүүлж байгаад сүүлийн хоёр жил чадаагүй. Эрдэнэт үйлвэр худалдан авалт хийхдээ тендэр зарлах нь зөв ч орон нутгийн үйлдвэрүүдээ ямар нэгэн байдлаар “цаасаар” унагадаг.
- Хаана үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй “Монгол маск Эрдэнэт” гэдэг компани сүүлийн хоёр жил Эрдэнэт үйлдвэрт маскаа нийлүүлж байгаа.
- Эрдэнэт үйлдвэр тендэрийн гол шалгуураараа чанарын шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн аваач ээ. Орон нутагт нь олон улсын чанарын шаардлага хангасан маск үйлдвэрлэж байхад яагаад холоос худалдан авалт хийдэг юм бэ?
- Бид орон нутаг дотроо зургаан км-ийн зайтай байгаа Эрдэнэт үйлдвэртээ маскаа өгч чадахгүй болохоор 1000-аад км-т байгаа Өмнөговь аймаг руу маскаа нийлүүлэхээр судалж байна.
- Оюу-Толгой компани жишээ нь тухайн орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлүүдээ маш сайн дэмжиж ажилладаг. Манай Эрдэнэт үйлдвэрүүд тийм газруудаас суралцах хэрэгтэй. .
- Бид ЖДҮ-ээс зээл авья гээгүй. 950 саяыг өг гээгүй. Орон нутагт чанарын шаардлага хангасан бараа үйлдвэрлэж, ажлын байр бий болгочихоод байна. Гэтэл орон нутгийн ЖДҮ эрхлэгчдээ дэмжихгүй байна. Эрдэнэт үйлдвэр биднээс урт хугацааны гэрээ хийж, бараа авч болно шүү дээ ! Бид чанар дээрээ байнга л анхаарах болно !
- Бид гэрээний явцад чанарын шаардлага хангаж ажиллахгүй бол гэрээгээ цуцалж болно. Бидэнд нэг удаа итгэл үзүүлээч .