Өмнөд Солонгос улсад 293 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдвартай хүний тоо 5612 болж, 32 хүн коронавирусын улмаас амиа алдсан хэмээн БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Өмнөд Солонгос улс нийт халдвартай иргэний тоогоор БНХАУ-ын ард бичигдэж байгаа юм.
Өнөөдөр буюу Лхагва гарагийн байдлаар Шинчёнжи шашны сүмийн 3000 гаруй хүний шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай нь тогтоогдсон. Нийт өвчлөгсдийн 56% нь тус шашны хүмүүс байна.
Мөн Хонконгод хоёр тохиолдол нэмж бүртгэгдэн, халдварын тоо 103 боллоо. Шинээр бүртгэгдсэн хоёр хүний нэг нь 43 настай, Буддын хийдийн лам аж. Өмнө нь бүртгэгдсэн хэд хэдэн тохиолдол тус хийдтэй холбоотой юм.
Хонконгын эмнэлгийн мэдээлснээр 43 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан, 55 өвчтөн эмчилгээ хийлгэж байгаа тэр дунд гурван хүний биеийн байдал хүнд, хоёр хүн халдварын улмаас амиа алдсан байна.