Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
ЭМЯ сайд Д.Сарангэрэл: Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томуугийн өвчлөлийн талаар АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческид танилцууллаа. Хоёр улсын хооронд байгуулагдаж байсан гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний эрт илрүүлэг, томуугийн вакцин зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, үр дүнгээ өгч байгааг эрүүл мэндийн сайд онцоллоо.
АНУ-ын талаас коронавирусын халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийлсэн юм.