ЭМЯ-наас коронавирусын тархалтын талаарх ээлжит шуурхай хэвлэлийн бага хурлаа хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: "Гашуун сухайттай хиллэдэг Халиут гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдож, тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Халиут нь манай улсаас 120 км газрын зайтай газар юм. Манай улсын нутаг дэвсгэр биш. Гэхдээ бид бүхэн аль аль талдаа өндөр хамгаалалтанд байх шаардлагатай байна. Мөн Эрээн хот бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: "Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна. Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулахад тогтмол анхаарч ажиллаж байгаа. 1,566 аж ахуй нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлүүдийн 80 гаруй байгууллагад зөвлөмж, мэдээлэл хүргэсэн.
Дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөрснөөс дээж авч шинжилдэг. Нийт сорьцын 50 гаруй хувь нь нянгийн бохирдлоос их болон дунд ангилалд ордог. Тиймээс хөрсний бохирдол үүсгэдэг ариун цэврийн байгууламж, бохирын цооноггүй байх зэрэг юм. Тандалт судалгаанд хамрагдсан өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: “Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол шинээр бүртгэгдэж улмаар тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн.
Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 9-нд ирж тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа” гэв.