Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаль экологид 300 орчим сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум Асралт гэх газар Ebee ХХК нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэл хийсэн хэргийг илрүүллээ. ЭЦА-ны алба хаагч нар ажиллан дөрвөн отгийн нийт 42 иргэнээс мэдүүлэг авч мод бэлтгэл талбай, бэлтгэсэн 120 орчим куб метр мод байсанд үзлэг хийн мод ачсан байсан хоёр “ЗИЛ-130” машиныг саатууллаа.
Хууль бусаар мод бэлтгэж байсан этгээдүүд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэд бөгөөд нийт 1000 орчим куб метр мод бэлтгэж байгаль экологид 300 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна байгаль экологид учирсан шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар учирсан хохирлыг ойн экологи болон эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг хуулийн заалттай ажээ.