Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв.
Баруун болон төвийн аймгуудад болсон үерийн хохирлыг арилгахад Казахстан Улс тусламж үзүүлсэн, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.