
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохтой холбоотой төсвийн файлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа задруулсан гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тайлбар хийж, нэр төрөө сэргээлгэхээр цагдаа, шүүхэд хандахаа мэдэгдлээ.
Тэрбээр “Би төрийн ажлыг гацаадаг хүн биш. Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг түгжил гэж нэрлэсэн. Л.Энх-Амгалан сайдыг цагдаа, шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ. Ерөнхий сайд Н.Учрал энэ сайдаа огцруулах хэрэгтэй” гэв.
Мөн А.Ариунзаяа “Л.Энх-Амгалан сайд сандран, ярьснаа үгүйсгээд, мэдэн будилж ярьж байхад би энд хийгээгүй зүйлээ нүүр бардам тайлбарлаж, шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Би АТГ руу явахад бэлэн. Шалгуулах газарт нь хандана” гэжээ.
Түүний хэлснээр, өөрийг нь үндэслэлгүйгээр гүтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох аж.










