
“Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохтой холбоотой төсвийн файлын талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийллээ.
Боловсролын сайд намайг зохион байгуулалттайгаар мэдээлэл тараасан гэж хэлсэн гэж ойлголоо. Гэтэл бодит байдал дээр тийм биш юм. УИХ-ын гишүүдэд улсын төсвийн төсөл ном болж ирдэг. Төсвийн хавсралтуудаас харахад хөрөнгө оруулалтын зардал буюу хаана ямар барилга байшин барих нь нэг бүрчлэн тодорхой байдаг бол урсгал зардал нь харьцангуй бүрхэг байдаг. Миний хөнддөг сэдэв дандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн орхигдсон бүлэг рүү чиглэдэг тул голдуу урсгал зардалтай холбогддог.
УИХ-ын гишүүн хуулийн дагуу мэдээлэл авах бүрэн эрхтэй. Өргөдлийн байнгын хороо гэлтгүй аль ч байнгын хороонд ажиллахдаа гишүүд дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтээ харьяалах референтүүдэд байнга тавьдаг. Иргэдээс маш их гомдол ирдэг тул түүний дагуу нягталж шалгах нь миний үүрэг. Бүх л гишүүд холбогдох сайдын танилцуулга, төслийн дэлгэрэнгүй мэдээллийг шаардаж авдаг. Энэ бол парламентын гишүүдийн өдөр тутмын ажил.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан төсвийн задаргааг тайлбарлахын оронд өөрийг нь харлуулж, элдвээр хэлсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Боловсролын сайд маань боловсролгүйгээр л асуудалд хандаж байна. Хэлэх үг алга. Байнгын хороонд оруулж ирсэн файлыг хэлснийхээ төлөө яагаад “улс төр хийсэн” гэж хэлүүлж байгаагаа гайхаж байна” гэв.
Мөн тэрбээр төсвийн задаргааг дэлгэрэнгүй асууж, ил тод байдлыг хангуулахыг шаардсан нь буруу биш мөн төсөв ил тод биш байгаа нь л энэ бүх үл ойлголцлын гол шалтгаан болж байна гэв.
“УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг гишүүдтэй Өргөдлийн байнгын хороон дээр л асуусан зүйлс. Түүнээс улс төржсөн зүйл байхгүй. Улсын мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгийг юунд захиран зарцуулж байгааг тодруулж асуусан. ‘Гэрт-Ойр’ сургуульд зарцуулагдах 50 тэрбум төгрөгийн задаргаа байхгүй байсан зүйлийг нэхэж асуусан. Түүнээс ямар нэгэн улс төржсөн асуудал хэн хэнд нь байхгүй” гэжээ.











Ta nar shivsjig bolj bnaa yanaaa