
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулахад их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Нөгөө талд ахмадуудын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэх шаардлага бий. Гэвч төсвийн боломж хязгаарлагдмал үед Засгийн газар нийслэлийн хөгжлийн төслүүдэд төлөвлөсөн санхүүжилтээс 758 тэрбум төгрөгийг бууруулж, цалин, тэтгэвэр, эрчим хүч зэрэг зардалд зарцуулахаар төсвийн тодотголдоо тусгажээ.
Өр тавьж мөнгө босгосон ч ашиглаж чадсангүй
Нийслэл 2024 онд дотоод, гадаад зах зээлээс нийт 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт татсан. Үүний дотор Сэлбэ дэд төв, гэр хорооллын орон сууцжуулалтад зориулсан 500 сая ам.долларын бонд бий.
Гэвч аудитын шалгалтаар уг бондын 400 сая ам.доллар буюу 1.3291 их наяд төгрөгийг дотоодын долоон арилжааны банканд жилийн 12.5-16.1 хувийн хүүтэй хадгаламж болгон байршуулсан нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, хот мөнгөгүйдээ биш, босгосон санхүүжилтээ хугацаанд нь бүтээн байгуулалт болгож чадсангүй. Түгжрэл, орон сууцжуулалт хүлээгдэж байхад зориулалтын хөрөнгө банканд хадгалагдсан нь нийслэлийн удирдлагаас хариуцлага нэхэх асуудал.
758 тэрбумыг өөр зардалд шилжүүлнэ
2026 оны төсвийн тодотголоор Засгийн газар нийслэлийн бондын санхүүжилтээс 758 тэрбум төгрөгийг бууруулж, боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, эрчим хүчний зардалд зарцуулахаар төлөвлөжээ.
Гэхдээ бондын мөнгө бол төсвийн орлого биш, өр. Өнөөдөр өөр зардалд шилжүүллээ гээд эргэн төлөх үүрэг алга болохгүй. Тухайлбал, 500 сая ам.долларын бондын үндсэн төлбөрийг 2027 оны наймдугаар сард 7.75 хувийн хүүгийн хамт төлөх ёстой.
Нөгөө талд цалин, тэтгэвэр бол нэг удаагийн зардал биш. Нэгэнт нэмсэн бол дараа жилийн төсөвт дахин санхүүжилт шаардана. Тиймээс нэг удаагийн эх үүсвэрээр байнгын зардлаа нэмэгдүүлж байгаа бол 2027 оноос үүнийг ямар тогтвортой орлогоор санхүүжүүлэх вэ гэдэг асуулт үлдэж байна.
Түгжрэлийн мөнгийг хаслаа гээд түгжрэл хасагдахгүй
Нийслэлийн хөрөнгө оруулалтыг буурууллаа гээд хотын асуудал багасахгүй. Түгжрэл, утаа, орон сууцжуулалт, инженерийн дэд бүтцийн хэрэгцээ хэвээр үлдэнэ. Харин өнөөдөр хойшлуулсан бүтээн байгуулалт үнэ өсөхийн хэрээр маргааш илүү өндөр өртөгтэй болох эрсдэлтэй.
Тиймээс 758 тэрбум төгрөгийг “хэмнэсэн” мөнгө гэж харахаас илүү ямар бүтээн байгуулалтыг хойшлуулж байж гаргаж ирэв гэдгийг асуух хэрэгтэй.
Энэ асуудалд нийслэл ч, Засгийн газар ч хариуцлагаас мултрахгүй. Нийслэл “яагаад өр тавьж босгосон мөнгөө хугацаанд нь ажил болгож чадсангүй вэ?” гэдэгт хариулах ёстой. Засгийн газар “яагаад хотын хөгжлийн хөрөнгө оруулалтыг бууруулж, цалин, тэтгэвэр зэрэг байнгын зардлыг нөхөж байна вэ?” гэдгээ тайлбарлах учиртай.
Тэтгэвэр, цалин нэмэх шаардлагатай. Гэхдээ үүний төлөө хотын хөгжлийг хойшлуулж байгаа бол төлөөсийг нь ч ил тод хэлэх хэрэгтэй.
М.Солонго











zail gechi pizda