
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд олон улсын тэмцээн зохион байгуулах стандарт бүхий Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороход бэлэн болоод байна. Нийт 29,9 ам.метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг гадна талбайн иж бүрэн тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх юм. Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт ширээний теннис, фитнес, боксын заал, албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь шийдсэн. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсэгтэй.
Гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг тус тус тохижуулсан. Энэхүү Спорт цогцолбор ашиглалтад орсноор дүүргийн 140 гаруй мянган иргэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдэх юм. Мөн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, авто болон дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтыг шийдсэнээрээ онцлогтой.































