
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр төсвийн тодотголын бодит үр нөлөө, зарлагын өсөлт, инфляц болон иргэдийн амьжиргаанд үзүүлэх дарамтын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн тодотгол нь хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын зорилтуудтай нийцэж байгаа хэдий ч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсөв болон үнийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж болзошгүй байна.
Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2.48 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр тооцжээ. Орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд энэ нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг аудитын байгууллага анхааруулсан байна.
Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөгийн эдийн засгийн хүндрэлүүдийг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх нь оновчтой биш байж болзошгүйг сануулжээ. Тус зөвлөл төсвийн бодлогод илүү суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын хүрээнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хүнсний үнийн өсөлтийг хязгаарлах, эрчим хүчний салбарын зардлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг тусгажээ.
435 мянган ахмадад суурь тэтгэвэр олгоно
Төсвийн тодотголд 196.3 тэрбум төгрөг тусгаж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмад настанд суурь тэтгэвэр олгохоор төлөвлөжээ. Суурь тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамаарч 100-300 мянган төгрөг байх юм. Засгийн газар үүнийг нэг удаагийн халамж бус, ахмад настнуудын олон жилийн хөдөлмөрийг үнэлж буй тогтолцооны өөрчлөлт хэмээн тайлбарлаж байна.
Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч болон бусад ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэхэд 844.6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнээс гадна байгаль орчин, цаг уур, хөдөө аж ахуй, соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Мөн боловсролын салбарын цалингийн зөрүүтэй холбоотой санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хүнсний үнийг тогтоон барихын тулд нөөц бүрдүүлнэ
Хүнсний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор 150 тэрбум төгрөгийг мах, улаанбуудай, төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ 100 мянган тонн улаанбуудай, 20 мянган тонн мах, 12 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцлөхөөр тооцсон байна. Засгийн газар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлснээр нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, үнийн өсөлтийн дарамтыг бууруулахыг зорьж байна.
Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхүүдэд үүрүүлэхгүй
Импортын цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой тарифын зөрүүг нөхөхөд 200 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Үүний зэрэгцээ өвлийн улирал эхлэхээс өмнө цахилгаан станц, шугам сүлжээний засвар шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.
1.6 их наяд төгрөгийг иргэдэд хүртээх асуудал
Төсвийн тодотголын хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг нь төрийн өмчит компаниудын 1.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд зориулан зарцуулах асуудал юм. Засгийн газар төрийн өмч бол ард түмний өмч учраас түүний үр өгөөжийг иргэдэд хүртээх ёстой гэж тайлбарлаж байна.
Гэвч энэ мөнгийг ямар хэлбэрээр, хэрхэн зарцуулах нь төсвийн тодотголын гол маргааны нэг болж байна.
“Иргэд энэ дарамтыг яаж давах вэ?”
УИХ-ын гишүүн Б.Жаргалан төсвийн тодотголыг шүүмжилж, сүүлийн саруудад иргэдэд ирсэн дарамт нэмэгдсэнийг онцлов.
Тэрбээр шатахууны хомсдол, үнийн өсөлт, замын хөдөлгөөний хязгаарлалт зэрэг олон асуудал иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байгааг хэлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол олон нийтийн хүлээлтэд хүрээгүй гэж үзжээ.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл инфляцын асуудлаар Монголбанкны авч хэрэгжүүлж буй бодлогыг хөндөж, Төв банк мөнгөний бодлогыг хатуу төлөвт барьж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.
“Эхлээд үнийг бууруулах бодлого хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн хувьд төсвийн тодотголын гол асуудал нь иргэдийн амьдралд хамгийн хүчтэй нөлөөлж буй үнийн өсөлт гэж үзэж байна.


Мөн тэрбээр төрийн албыг цомхотгох шаардлагатай байхад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн асуудлыг орхигдуулж болохгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Засгийн газрын төсвийн тодотголоос харахад 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, үүссэн төсвийн орон зайг бусад шаардлагатай зардалд шилжүүлсэн байна. Ингэхдээ инфляцын сөрөг дарамтыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүсээ чангалж, үйл ажиллагааны урсгал зардлаа танасан” тухай байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотголд туссан арга хэмжээнүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг анхаарах шаардлагатай гэж үзжээ.


Мөн төсвийн тодотголыг дагаад нэг их наяд төгрөгийн бонд гаргах, Азийн хөгжлийн банктай 250 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж буйг шүүмжилжээ.
Түүний байр суурийн гол санаа нь эдийн засгийн өсөлт байгаа ч уг өсөлтийн үр өгөөж нийт иргэдэд жигд хүрэхгүй байгаад оршиж байна. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэж байгаа ч худалдаа, үйлчилгээ, хувийн хэвшлийн томоохон хэсэгт өсөлт бус, харин сааралт ажиглагдаж байгаа нь бодлогын зөрүүг харуулж байна гэж тэрбээр үзжээ.
Төсвийн тодотголын цаана үлдсэн асуулт
Ийнхүү Засгийн газар тэтгэвэр, цалин нэмэх, хүнсний нөөц бүрдүүлэх, эрчим хүчний үнийн дарамтыг бууруулах замаар иргэдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээ санал болгож байна. Гэвч нөгөө талд төсвийн зарлага нэмэгдэх, алдагдал өсөх, зээлийн эх үүсвэр ашиглах асуудал хөндөгдөж байгаа юм.
Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголын гол асуулт нь зөвхөн иргэдийн орлого нэмэгдэх гэдэгт бус, “энэ бүхнийг эдийн засаг хэр удаан даах вэ” гэдэгт төвлөрч байна. Өнөөдөр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж болох ч маргааш тэр мөнгөний худалдан авах чадвар буурах юм бол бодит өгөөж нь хэр байх вэ гэдэг асуудал мөн адил үлдэнэ.
Иймээс төсвийн тодотгол УИХ-аар хэлэлцэгдэх явцад цалин, тэтгэврийн нэмэгдлээс гадна үнийн өсөлтийг тогтоон барих бодлого, төсвийн сахилга бат, өрийн дарамт болон эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүргэх асуудал хамгийн том сорилт хэвээр байна.










