
ХБНГУ-ын хэт барууны Alternative für Deutschland буюу AfD нам орон нутгийн сонгуулийн дүнгээр Германы зүүн зүгийн Загсен-Анхальт мужид ялалт байгуулжээ. Сонгуулийн санал хураалтын дүнгээр AfD нам нийт сонгогчдын 44.5 хувийн саналыг авчээ.
Түүний араас ХБНГУ-ын канцлер Фридрих Мерцийн Христийн ардчилсан холбоо нам 18.5 хувийн саналтайгаар бичигджээ. 2013 онд анх үүсгэн байгуулагдаж байсан AfD нам нь цагаачлалын эсрэг, Кремлийг дэмжигч, популист нам гэдгээрээ алдартай болоод байгаа билээ.
Загсен-Анхальт муж дахь AfD намын тэргүүн Ульрих Зигмунд сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг онцгойлон уриалж байсан юм.
Орос хэлний хичээлийг Загсен-Анхальт мужийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт үлдээх, Оросын сургуулиудтай соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа сонгуулийн кампанит ажлынхаа үеэр илэрхийлж байсан аж. AfD нам сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ОХУ-ын эсрэг тогтоосон хоригуудыг цуцлах, Оросын хямд хийг импортлохыг дэмжиж буйгаа илэрхийлж, Герман хүүхдүүд цагаачдын хүүхдүүдийг тус тусад нь сургаж, түүхийн хичээлийн хөтөлбөрт ХБНГУ-ыг илүү эерэг талаас харуулах, Дэлхийн 2-р дайны агуулгыг багасгах тухай тусгаж өгнө гэсэн амлалтыг өгч, харин Загсен-Анхальт муж дахь AfD намын тэргүүн Ульрих Зигмунд нь цагаачдыг эх орон руу нь хөөж, сургуулийн орчинд солонгон туг далбааг хориглохыг уриалжээ.
Түүнчлэн The Telegraph сайтад өгсөн ярилцлагадаа Ульрих Зигмунд ХБНГУ Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлж буй явдлыг зогсооно хэмээн мэдэгджээ. AfD нам нь нео нацистуудыг болон Оросыг дэмжсэн бодлого баримталдаг гэсэн шүүмжлэлд өртөж, ХБНГУ-ын тагнуулын алба тус намыг хэт барууны экстремист групп гэсэн ангилалд багтааж, Загсен-Анхальт муж дахь AfD намын үйл ажиллагааг тогтмол хянадаг аж.










