
Баянхонгор аймгийн Бууцагаан суманд автомашинд хүн дайруулж амиа алдсан хэрэг гарсан талаар мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Талийгаачийг идлэг шонхор барихаар явж байсан Араб иргэний автомашин мөргөсөн байж болзошгүй гэх мэдээлэл тархсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Харин энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл анхаарал татахуйц зөрүүтэй байв. ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг эхэндээ “ийм төрлийн дуудлага мэдээлэл манайд алга” гэж мэдээлсэн ч дахин тодруулахад Баянхонгор аймгийн Бууцагаан суманд автомашинд дайруулж хүн нас барсан хэрэг бүртгэгдсэн, хэн дайрсан нь одоогоор тогтоогдоогүй, мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн анхаарлыг татсан хэрэгт цагдаагийн байгууллагын анхны мэдээлэл болон дараагийн тайлбар хоорондоо зөрсөн нь мэдээллийн ил тод байдалд эргэлзээ төрүүлж байна. Гэхдээ одоогоор талийгаачийг яг хэн, ямар нөхцөлд мөргөсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн тогтоогдоогүй гэдгийг онцлох шаардлагатай.
14 настай хүү нь хэргийн гэрч болсон уу
Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбатын бидэнд өгсөн мэдээллээр тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатар хотод ирээд байсан ч нутагтаа ийм хэрэг гарсныг сонсоод шууд Баянхонгор аймаг руу буцсан байна.


Түүний мэдээлснээр талийгаачийн 14 настай хүү тухайн үед аавтайгаа хамт байсан бөгөөд автомашинд дайруулсан үйл явдлыг харсан байж болзошгүй. Хүү автомашины өнгө, загварыг санаж байгаа бөгөөд тухайн машинд хоёр хүн зорчиж явсан. Тэдний нэг нь монгол, нөгөө нь араб хүн байсан бөгөөд хоорондоо гадаад хэлээр ярилцаж байсан гэх мэдээллийг өгсөн байна.
Гэхдээ эдгээр нь одоогоор гэрчийн өгсөн мэдээлэл бөгөөд тухайн автомашин, жолооч болон зорчигчдын хэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар албан ёсоор тогтоогоогүй байна.
“Баатархүү Баянхонгорын” гэх фэйсбүүк хаягийн эзэн хэргийн талаар лайв хийхдээ талийгаачийн хүү аавыгаа автомашинд дайруулахыг нүдээрээ харсан гэж мэдээлжээ. Түүний хэлснээр, аав, хүү хоёр мотоциклтой явж байхдаа арабуудтай таарч, шаардлага тавьснаас үүдэн ам муруйсан байна. Улмаар буцаж явах замдаа аав нь автомашинд дайруулсан гэх мэдээллийг лайв хийж байхдаа өгсөн.
Талийгаачийн ар гэрийнхэн мөн Нэгүүн.мн сайтад хандан хэргийн талаар мэдээлэл өгчээ. Тэдний ярьснаар 14 настай хүүгийнх нь нүдэн дээр аавыг нь автомашинаар дайрсан бөгөөд тухайн хүмүүсийг шонхор барихаар явж байсан арабууд байж болзошгүй гэж үзэж байгаа аж.


Талийгаачийн ар гэрийн зүгээс:
“Гаднаас Одхүү орж ирээд Ахаа, эгчээ Отгонболдын бие тун тааруу байна. Арабуудад дайруулчихаж’ гэж хэлсэн. Бид хоёр хам хум юмаа аваад очиж явтал замд, өнгөрчихсөн байх аа гэж хэлсэн. Манай отгон хүүхэд байсан юм. 14 настай хүү нь цуг явж байсан.” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр хүүгээ алдсан гэр бүлийн хүнд нөхцөл байдлыг хэлж, “Ийм сайхан хүүгээ алдчихаад яаж амьд явах вэ. Дөрвөн хүүхэд, сайхан ханьтай хүн байсан. Ард түмэн минь хүүгийн хэрэг дээр туслаач” хэмээн учирласан байна.
Шонхорын ард байгаа “их” хэмжээний мөнгө
Энэ асуудлыг зөвхөн зам тээврийн ослын хүрээнд харах боломжгүй. Учир нь хэрэг гарсан гэх нөхцөл нь идлэг шонхор барих үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлтэй давхцаж байна.
Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор энэ онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхрыг барьж, гадаад улсад гаргах хэмжээг баталсан. Нэг идлэг шонхрыг 26.1 сая төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болох зохицуулалттай байна.
Ингэснээр шонхор барих үйл ажиллагаа нь зөвхөн байгаль хамгааллын асуудал бус орон нутгийн төсөв, зөвшөөрөл, гэрээ, бүртгэл, хяналттай шууд холбогдож байгаа юм.
Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын дарга нарт батлагдсан гэрээний загварыг хүргүүлж, идлэг шонхор барих үйл ажиллагаанд гэрээ байгуулан ажиллах чиглэл өгсөн байна.
Мөн шонхор барьсан тохиолдол бүрд тусгай акт үйлдэж, сумын нэр, барьсан шонхрын тоо, огноо, бөгж болон зүүлтийн дугаарыг бүртгэхээр зохицуулжээ. Актын нэг хувийг суманд, нөгөөг аймгийн Байгаль орчны газарт хадгалах ёстой.
Харин бодит байдал дээр хяналт хэр байна вэ?
Эндээс хамгийн чухал асуулт гарч ирнэ. 350 шонхор барих зөвшөөрөл олгосон тохиолдолд тэдгээрийг хэн, хаана, ямар автомашинаар, ямар маршрутаар барьж байгаа болон гадаадын иргэдийн үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьж байна вэ?
Хэрэв шонхор барих үйл ажиллагаа гэрээ, акт, бүртгэлээр зохицуулагдаж байгаа бол тухайн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, зөвшөөрөл, барьсан шувууны бүртгэл зэрэг нь тодорхой байх ёстой. Гэвч Бууцагаан суманд гарсан хүний амь нас хохирсон гэх хэрэгтэй холбоотой мэдээлэл олон нийтэд зөрүүтэй хүрсэн нь энэ хяналтын тогтолцоо бодит амьдрал дээр хэр хэрэгжиж байгааг дахин асуух шалтгаан болж байна.
8098 иргэн гарын үсэг зуржээ
Үүнтэй зэрэгцэн иргэдийн зүгээс идлэг шонхор барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор уг саналд 8098 иргэн гарын үсгээ зурсан бөгөөд нийт 100 мянган иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд асуудлыг Улсын Их Хуралд хэлэлцүүлэх боломж бүрдэх юм.
Иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь зөвхөн шонхор барих асуудал биш. Байгаль хамгаалал, амьтны эрх, гадаадын иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналт, орон нутгийн эрх ашиг, олсон орлого нь бодитоор сум орон нутагтаа үлдэж байгаа эсэх зэрэг олон асуудал давхар хөндөгдөж байна.
Түүнчлэн хамгийн ноцтой нь хүний амь нас хохирсон гэх мэдээлэл энэ асуудлыг байгаль орчны маргаанаас давж, хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгалт, төрийн хяналт, хариуцлагын асуудал болгож байна.

Хариулт нэхэх хэд хэдэн асуулт байна
Бууцагаан суманд яг юу болсон бэ? Талийгаачийг ямар автомашин мөргөсөн бэ? Тухайн автомашинд хэн зорчиж байсан бэ? Тэд Монгол Улсад ямар зорилгоор, ямар зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан бэ? Идлэг шонхор барих зөвшөөрөлтэй байсан уу? Хэрэв байсан бол ямар байгууллагаас олгосон бэ?
Мөн тухайн өдөр хэдэн шонхор барьсан, бүртгэл хийсэн эсэх, холбогдох гэрээ болон актыг хэрхэн үйлдсэн зэрэг нь ч шалгагдах шаардлагатай.
Хамгийн гол нь энэ бүх асуултад мөрдөн шалгах ажиллагааны дүнгээр тодорхой хариу өгөх учиртай.
Хүний амь нас хохирсон гэх хэрэгт хэн нэгнийг урьдчилан буруутгах нь зохисгүй. Гэхдээ нөгөө талд нь төрөөс зөвшөөрөл олгож, тодорхой хэмжээний эдийн засгийн үр өгөөж бий болгож буй үйл ажиллагааны хүрээнд хүний амь нас хохирсон гэх мэдээлэл гарсан бол төр хяналт, хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж байгааг асуух нь зүй ёсны асуудал.
Шонхорын тоо, орлого, зөвшөөрөл, гэрээний бүртгэлээс илүүтэйгээр энэ асуудлын голд хүний амь нас, төрийн хяналт, хариуцлага яригдаж байна.
Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлж, идлэг шонхортой холбоотой цаад асуудлыг хөндөн БОУАӨЯ-наас тодруулж, мэдээлэх болно.









