
Marvel студийн “Spider-Man:Brand New Day” уран сайхны кино долдугаар сарын 31-нд нээлтээ хийснээсээ хойш нийт хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон кинонуудын эгнээнд багтсанаар тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Том Холландын олсон орлого 100 сая гаруй ам.долларыг давжээ.
The Wrap сайтад бичсэнээр Том Холланд “Spider-Man: Brand New Day” кинонд тоглосноор үндсэн цалин болох 20 сая гаруй ам.доллароос гадна тус киноны ашиг орлогоос тодорхой хэмжээний бонус авах гэрээтэй аж. “Spider-Man: Brand New Day” нээлтээ хийгээд сар ч болоогүй байгаа ба ашиг орлого нь нэмэгдэхийн хэрээр Том Холландын авах бонусын хэмжээ ч нэмэгдэх аж.
30 настай Том Холландын хувьд анх Хүн-Аалзын дүрээр 2016 онд “Captain America: Civil War” кинонд тоглохдоо 250 мянган ам.доллар авч байжээ. Түүний Хүн-Аалзын дүрээрээ олсон орлогыг дурдвал, 2017 онд “Spider-Man: Homecoming” кинонд тоглож 500 мянган ам.доллар, 2019 онд “Spider-Man: Far From Home” киногоороо дөрвөн сая ам.доллар, 2021 онд “Spider-Man: No Way Home” 10 сая ам.долларын орлого олж байжээ.
Том Холландын хувьд анх 2015 онд Sony Pictures болон Marvel Studios студитэй Хүн-Аалзын дүрээр зургаан кинонд тоглох гэрээ хийж байсан нь 2019 онд дуусгавар болсноор 2024 оны арванхоёрдугаар сард талууд дахин шинэ гэрээ байгуулсан аж.









