
“Төв азарганууд” клубийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай:
“Бид зөвхөн энэ тоглолтод зориулж бэлтгэл сургуулилтаа базаасан. Онцлох зүйл бол Дээд лигт тоглосон легионер тамирчид бүгд солигдсон. Бразил улсаас 3, Япон улсаас 4 тоглогч ирж бидэнтэй нэгдээд байна. Мөн өнгөрсөн улирал Хятадын Тайбэйн лигт тоглосон О.Мөнх-Оргил энэ тэмцээний хугацаанд манай багт тоглох гэрээ байгуулаад байгаа нь бидэнд туршлага нэмж байна.”

“Төв азарганууд” клубийн ахлагч Ц.Түмэнжаргал:
“Тайнан Сити бол лигийнхээ олон удаагийн аварга хүчтэй баг. Тиймээс бэлтгэлээ сайн хийхээс гадна тоглолтууд дээр нь их ач холбогдол өгч судалгаа хийсэн. Тухайлбал өнгөрсөн жил манай улсын “Хангарьд” клубтэй хийсэн тоглолт зэрэг олон улсын тоглолтуудыг нь их үзэж судалсан. Бид энэ тоглолтод өөрсдийн тоглолт, давуу талаа гаргаж чадна гэж найдаж байна. Монгол Улсынхаа нэрийг болон клубийнхээ нэрийг олон улсад гаргаж хожил авахын тулд бүх чадлаараа хичээх болно.”


“Тайнан сити” клубийн ахлах дасгалжуулагч Манунль Лопеш:
“Бид өрсөлдөгч баг гэхээсээ илүү өөрсдийн тоглолтдоо анхаарч, өөрсдийн арга барилаараа тоглоход гол анхаарлаа хандуулж байна. Би багтайгаа нэгдээд нэг сарын хугацааг өнгөрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуулилт гээд багийн бүх зүйл маш сайн байна. Бүрэлдэхүүний хувьд би ирээд төдийлөн их өөрчлөлт хийгээгүй. Учир нь одоо байгаа баг тамирчдадаа сэтгэл хангалуун байна. Залуустаа итгэж байна.”
“Тайнан сити” клубийн ахлагч Вү Чүн-Чин:
“Олон улсын тоглолт гэдэг хэзээд амаргүй байдаг. Тэр дундаа Азийн хөлбөмбөгийн холбооны клубийн түвшний тоглолтууд. Тиймээс бид өөрсдийн тоглолт дээрээ 100% анхаарч байна. Бүрэлдэхүүний хувьд гаднаас зарим шинэ тоглогчид ирсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид хангалттай нэг баг болж, нэгдэж чадсан гэж бодож байна.”







