
Орон сууцны төслүүдэд хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, хохирлыг барагдуулах зорилгоор Засгийн газрын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр ажлын хэсэг хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг нэг бүрчлэн судалж, барилгын ажлаа богино хугацаанд дуусган иргэдийг байранд нь оруулах боломжтой компаниудтай хамтран ажиллах чиглэлээр ажиллана.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж, битүүмжилсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлд байгаа эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэн нээлттэй дуудлага худалдаанд оруулж, хохирлыг аль болох богино хугацаанд барагдуулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Түүнчлэн хохирлын хэмжээ нь тодорхой боловч эзэн нь тогтоогдоогүй асуудлуудыг тусад нь ангилан шийдвэрлэх бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 2008 хэрэг, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа 200 гаруй эрүүгийн хэргийг нэг бүрчлэн ангилж, аль хохирлыг мөнгөн хэлбэрээр, алийг нь орон сууцаар барагдуулах боломжтойг тогтоон Засгийн газарт танилцуулах юм байна. Энэ талаар иргэдэд тогтмол мэдээлэл өгч ажиллахаа тэрбээр мэдэгдлээ.
Мөн хохирсон иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оролцуулж, мэдээллийг тогтмол солилцох тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон юм.
Видео үзэх:







