
“Урьхан” гэх нэрээр танигдсан Б.Чинбаттай холбоотой бизнесийн маргаан, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өмгөөлөгч Б.Оюунбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түүний мэдээлснээр Б.Чинбат нь хамтран ажиллах нэрийдлээр бусдын бизнес, хөрөнгийг завших оролдлого хийсэн бөгөөд улмаар өөрийн нөлөө бүхий танил, албан тушаалтнуудын нэрийг ашиглан дарамт шахалт үзүүлдэг гэх асуудлыг хөндлөө.
Өмгөөлөгч Б.Оюунбилэг “Б.Чинбат бизнесийн хамтрагчидтай байгуулсан гэрээгээ зөрчиж, улмаар хамтран ажиллаж байсан хүмүүсээ цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханддаг. Миний мэдэхээр гурван бизнесийн хамтрагчтайгаа ийм асуудал үүсгэсэн” хэмээн мэдээлэв.
Тэрбээр Б.Чинбат нь “Хамтын эх булга” компанитай 2020 оноос эхлэн алтны уурхайн чиглэлээр хамтран ажиллаж, олборлосон ашгийг 70/30 хувиар хуваах гэрээ байгуулсан талаар дурдлаа. Уг хугацаанд 400 гаруй кг алт олборлосон боловч 2025 онд байгуулсан гэрээний харилцааны явцад маргаан үүсэж, улмаар хамтын ажиллагаа зогссон гэж тайлбарлав.
Мөн Б.Чинбат нь гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг шаардаж, эс биелүүлбэл хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэх зэргээр дарамталсан гэх гомдлыг өмгөөлөгч гаргасан юм.
Түүнчлэн “Хамтын эх булга” компанийн эзэмшлийн лицензтэй талбайд хийгдсэн шалгалт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн байж болзошгүй асуудлууд байсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, олборлолтын явцад татвар, төлбөрийн асуудал болон олборлосон алтны борлуулалттай холбоотой маргаан байгаа гэв.
Видео үзэх:







