
Японы Кюүшү арал дээр болсон газар хөдлөлтийн дараа Күмамото хотод байрлах Aeon Mall худалдааны төвд дэлбэрэлт болсны улмаас тус худалдааны төвийн 3 ажилтан амь үрэгдсэнтэй холбоотойгоор Aeon Co. компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Акио Ёошида уучлалт гуйжээ.
Тэрбээр, “Хүмүүсийн эрдэнэт амь үрэгдсэн явдалд гүнээ харамсаж байна. Амиа алдсан ажилтнуудын ар гэр, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний мэдээлснээр өнгөрсөн мягмар гарагт Кюүшү арал дээр газар хөдлөх үед тус арлын Күмамото хотын Aeon Mall дотор 3000 орчим үйлчлүүлэгч, 1300-1500 ажилтан байсан ба газар хөдлөлтийн дараа тус худалдааны төвийн ажилтнууд худалдааны төвд байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байх үед худалдааны төвийн 2-р давхарт дэлбэрэлт болж, худалдааны төвийн барилга хэсэгчлэн нурснаас болж 3 хүн амь үрэгдэж, 3 хүн сураггүй алга болоод байгаа юм.
Тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Акио Ёошида дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэжээ. Өнгөрсөн мягмар гарагт Японы Кюүшү арал дээр болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас багадаа 13 хүн амь үрэгдээд байна.







