
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Монгол Улс шатахууны 30 хоногийн нөөцийг л хадгалах савтай. Баяр наадмын өмнө 30 гаруй хоногийн нөөц бүрдүүлж ажилласан. Өнөөдрийн байдлаар 15 хоногийн буюу 31,000 тонн АИ92 байна. 20 хоногийн буюу 80,000 тонн дизель түлшний нөөцтэй байна. Нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОХУ-аас өмнө нь буюу долдугаар сард авсан хэмжээнээсээ нэмэгдүүлж, захиалгаа баталгаажууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр БНСУ-д холбогдох хүмүүстэй уулзаж байна. Бид БНСУ-аас онгоцны дизель түлшийг авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас 6000 тонн
- Евро-5 АИ-92 автобензин
- Евро-5 АИ-95 автобензин
- Евро-5 дизель түлш (К5 дизель) авахаар хэлэлцэл хийгдсэн. Өнөөдөр ААН-үүд өөрсдийн авах хүсэлтээ илэрхийллээ. Маргаашаас ачилтууд хийгдэнэ. Онгоцны түлшийн хувьд БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн авна. Үүний 1000 тонн нь маргааш Эрээн өртөөнд орж ирнэ.
ОХУ дотооддоо нөөц хомстсон. Шаардлагатай тохиолдолд гадны орнуудаас авч байгаа. Энэ үедээ Монгол Улсын хүссэн хэмжээнд биш ч тасралтгүй нийлүүлж буй нь талархалтай. Тодорхой хэмжээний дутагдлыг бусад улсаасаа нөхөхөөр ажиллаж байна. Нөөц багассан нөхцөл байдлыг 10 хоногийн хугацаанд нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна.
Ер нь бол ШТС-уудын тухайд аймгийн төвүүдэд түгээлт сайн байна. Зарим нэг сумдуудад тасарсан нөхцөл байдалтай. Нийслэлийн тухайд бол “Петровис групп”-ийн нөөц харьцангуй багассан. Шунхлай болон Тэс Петролиум ХХК-ийн тухайд лимит тогтоогоод олгож байна” хэмээв.







