
Монгол Улс энэ зун олон улсын математикийн хоёр том олимпиадад түүхэн амжилт үзүүллээ. Үүний нэг нь манай улсад анх удаа зохион байгуулагдсан бага, дунд ангийн сурагчдын MIMC 2026 олон улсын олимпиад байв.
MIMC 2026 олимпиадад дэлхийн 32 орны 600 гаруй шилдэг сурагч оролцож, Монголын баг 3 алт, 15 мөнгө, 32 хүрэл медаль, 25 тусгай байрын шагнал хүртэн нийт 75 шагналын эзэн болсон юм. Бага ангийн ангилалд дэлхийд хоёрдугаар байр, дунд ангийн ангилалд гуравдугаар байрт шалгарсан нь Монголын хувьд түүхэн амжилт байлаа. Мөн есөн жилийн дараа алтан медалийг эх орондоо авчирч, дэлхийн хүчирхэг орнуудыг ардаа орхисон нь энэ удаагийн олимпиадын онцлох үйл явдлын нэг болсон юм.
Олимпиадыг зохион байгуулах хорооны дарга Б.Идэржавхлангийн хувьд бэлтгэлийн хугацаанд багагүй хүндрэлтэй тулгарчээ. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ хийгдсэн ч санхүүжилтийн процесс удааширсан тул тэрбээр хувийн зуслангийн байшингаа зарахаар хүртэл бодсон байна.
“Би төрийг буруутгаагүй, хэнд ч гомдоллоогүй. Зүгээр л өөрийн боломжит хувилбарыг бодсон. Байшингаа зараад ч болов асуудлаа шийдчихье гэж бодсон. Энэ бол миний хувьд шийдлийн нэг хэлбэр байсан. Одоо асуудал шийдэгдэж байх шиг байна” гэсэн юм.
Тэрбээр энэ жилийн хамгийн том онцлог нь тэгш боломжийг бүрдүүлсэн явдал байсан гэж онцолсон юм. Өмнө нь хөдөө орон нутгийн хүүхдүүд олон улсын олимпиадад оролцох боломж харьцангуй бага байсан бол энэ удаа математикийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр аймаг бүрээс сурагчдыг сонгон шалгаруулж, олон улсын түвшинд бэлтгэсэн байна. Аль сургууль, аль аймгийн хүүхэд гэдгийг ялгалгүй бүгд Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдөх нэг баг гэсэн зарчмаар ажилласан нь өндөр амжилтын үндэс болсон гэж үзэж байна.
“Хүн бүр математикч болох албагүй. Гэхдээ математик сэтгэлгээг судалж, эзэмших хэрэгтэй. Дараа нь түүнийгээ өөрийн сонгосон салбартаа ашиглах зэвсэг болгож чадвал хамгийн чухал нь тэр” хэмээн Б.Идэржавхлан зөвлөсөн юм.
Энэ удаагийн олимпиадын алтан медальтнуудын нэг Ц.Эрхэмбилэг анх удаа олон улсын олимпиадад оролцсон ч хүлээлтээс давсан амжилт үзүүлжээ. Бэлтгэлийн хугацаанд хүнд хэцүү үеийг туулсан ч эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж, алтан медаль хүртсэн нь багш, эцэг эхчүүдийнх нь хувьд хамгийн том бахархал болсон байна.
С.Соёмбо өнгөрсөн жилийн олон улсын олимпиадад мөнгөн медаль хүртэж, алтан медалиас ердөө 10 оноо дутсан байдаг. Энэ жил тэрээр зорилгоо биелүүлж, алтан медалийн эзэн болжээ.


“Өнгөрсөн жил алтан медалиас 10 оноо дутаж байсан. Энэ жил зорилгоо биелүүлж алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна. Би нэгдүгээр ангиасаа математикийн хичээлд дурлаж эхэлсэн. Түүнээс хойш дуртай зүйлээ тууштай хийсээр өнөөдрийн амжилтад хүрлээ” гэж тэр хэлэв.
Харин хос алтан медаль хүртсэн тэд нэгдүгээр ангиасаа эхлэн хамтдаа суралцаж, найзалсан хоёр найз юм.
Харин түүний найз Ц.Эрхэмбилэг “Нэгдүгээр ангиасаа хамтдаа найзалсан найзтайгаа зэрэг хос алтан медаль хүртсэндээ хамгийн их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Олон жилийн хөдөлмөр, тууштай бэлтгэл, тэгш боломжийн үр дүнд монголын сурагчид дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, шинэ түүхийг хамтдаа бүтээлээ.
Видео үзэх:










