
Дэлхийн олон оронд амжилттай хэрэгжсэн “Married at First Sight” реалити шоуны албан ёсны монгол хувилбар болох “Надтай гэрлээч” нэвтрүүлгийг Ази тивд анх удаа Монгол Улсад бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан. Мэргэжлийн экспертүүдийн сонголтоор өмнө нь огт танил байгаагүй хоёр хүн хуримынхаа өдөр анх удаа уулзаж, хамтын амьдралаар дамжуулан бие биеэ таних энэхүү өвөрмөц туршилтын эхний улиралд дөрвөн хос оролцсоноос Н.Батжаргал, А.Энхзул нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр “тийм” гэсэн шийдвэр гаргасан юм. “Надтай гэрлээч” шоуны үзэгчдийн хамгийн их хайр, дэмжлэгийг хүлээсэн оролцогчдын нэг Н.Батжаргалтай ярилцаж, шоу түүнд хайр, харилцаа, гэр бүлийн үнэ цэнийг хэрхэн өөрөөр ойлгуулсан тухай ярилцлаа.
Гэр бүлийнхэн маань намайг хостой болж байна уу гэж жил болгон асуудаг байлаа. Аав бүр шинэ жил болохоор “За миний хүү, аав нь ирэх жилийн хуримын ордны захиалгыг өгчихсөн шүү” гээд тоглоомоор байнга хэлдэг. Найз охингүй байхад хүртэл хуримын ордны захиалга ярьдаг байсан болохоор нэг талаараа эхнэртэй болоорой гэсэн шахалт ч байсан байх.
Өмнө нь хэзээ ч харж байгаагүй эмэгтэйгээ хуримын даашинзтай анх харах үнэхээр сонин мэдрэмж байсан. Гоё ч юм шиг, сандармаар ч юм шиг, догдлом ч юм шиг олон янзын мэдрэмж нэгэн зэрэг төрдөг юм билээ.
Миний хувьд хайр гэдэг ойлголт шоуны өмнө, шоуны дараа гэж хоёр өөр болсон
Урьд нь хайр гэж яг юу болохыг тодорхойлж чаддаггүй байсан. Хүн болгон өөр өөрөөр л тодорхойлдог зүйл гэж боддог байлаа. Харин энэ туршлагын дараа хайр гэдэг үнэхээр хүч хөдөлмөр байдаг юм байна гэдгийг ойлгосон. Бид хоёр ердөө хоёрхон сар хамт амьдарсан хэрнээ тэр хугацаанд маш их зүйл болсон. Тэгэхээр олон жил хамтдаа амьдарч байгаа хүмүүсийг үнэхээр хүндэлмээр, бүр бахархмаар санагдсан. Харилцааг авч явна гэдэг өөрөө асар их хичээл зүтгэл, тэвчээр шаарддаг юм байна.
Энэ хугацаанд эмэгтэй хүнд ямар шаардлага тавих вэ гэдгээс илүүтэй эмэгтэй хүнтэй хамт байхдаа би өөрөө ямар хүн байх ёстой вэ гэдгээ илүү сурсан. Миний хандлага газар тэнгэр шиг өөрчлөгдсөн. Жижигхэн анхаарал халамжууд хүртэл зуршил болсон байна лээ. Саяхан ажлын газрын нэг хүн ундаа онгойлгох гэж байхад нь би өөрийн эрхгүй очоод онгойлгож өгсөн. Тэгэхэд л энэ бүхэн дадал болчихжээ гэж бодсон. Өмнө нь ч байсан байх, гэхдээ шоуны дараа тэр чанарууд илүү тодорч, надад нэг тийм “амьд” мэдрэмж төрдөг болсон.
Надад өөрөөсөө олж харсан хамгийн том дутагдал ч бий
Харилцааны эхэнд нөгөө хүнээ хэт яаруулдаг юм байна. Өөрөө ч яараад, нөгөө хүнээ ч хурдан нээж танья, хурдан ойлголцоод бүх асуудлаа шийдчихье гэж яардаг зан байдаг байжээ. Энэ л миний хамгийн том алдаа байсан. Харин одоо үүнийгээ мэддэг болсон болохоор цаашдаа засаад явна гэж боддог.
Шоуны төгсгөлд бид хоёр “тийм” гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ зураг авалт дуусаад, шоу цацагдахаас өмнөх тэр хугацаанд амьдрал өөрөөр үргэлжилсэн. Ингээд эцэст нь хоёулаа өөр өөрсдийнхөө амьдралын замыг сонгосон.
Бид хоёр нэг нэгнээсээ маш их зүйл сурсан. Нэг нэгнийхээ сайн, муу бүх талыг ойлгож, хүлээж авахын төлөө хоёр талаасаа үнэхээр их хичээсэн. Миний хувьд А.Энхзулаас маш их зүйл сурсан. Тэр ч бас надаас ямар нэгэн зүйл сурсан байх гэж боддог. Цаашдаа хоёулаа өөр өөрсдөдөө илүү тохирох, илүү сайхан хүмүүстэй учирна гэдэгт итгэдэг.
Хүмүүст хэлэхийг хүсдэг зүйл гэвэл аливаа харилцаа эхнээсээ хатуу эхэлбэл тэр чигээрээ л хатуу үргэлжлэх магадлал өндөр байдаг. Тиймээс асуудлаа дотроо битгий хуримтлуулаарай. Харилцааныхаа төлөө хоёулаа хичээгээд үзээрэй. Эхэндээ хэцүү санагддаг ч цаг хугацаа өнгөрөх тусам илүү гоё, илүү бат бөх болдог юм билээ.
Видео үзэх:









