
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тус хотын эцэг эх, асран хамгаалагчаа алдсан зорилтот бүлгийн 50 хүүхэд тус бүрийн нэр дээр 1 сая төгрөг буюу нийт 50 сая төгрөгийн хадгаламж нээн, хүүхдийн ирээдүйн боловсрол, 18 нас хүрээд бие даан амьдрахад хөрөнгө оруулалт хийлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУ-ын Тод манлай уяач, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Амьдралд хүнд хэцүү цаг тулгарч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдах үед хүүхэд багачуудад түшиг тулгуур болж, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг бэхжүүлэн, амьдралынх нь анхны алхамд туслах нь бидний гол зорилго юм” хэмээн онцоллоо.
“Макс Групп” нь 2011 оноос хойш хүүхдийн боловсрол, ирээдүйг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд хадгаламжийн хөтөлбөрөө тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн “Солонго” хүүхэд хөгжил, хамгааллын төв, Улаанбаатар хотод байрлах “Өнөр бүл” Гэр бүл, Хүүхэд хөгжил хамгааллын төв зэрэг байгууллагуудын 680 гаруй хүүхдийн нэр дээр хадгаламж нээхээс гадна, тэдний боловсрол, амьдрах орчинд нэн шаардлагатай хэрэгцээт эд зүйлсээр бодит дэмжлэг үзүүлээд байна.
Ийнхүү тус хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш нийт 682 хүүхдэд 700 орчим сая төгрөгийн хадгаламжийн хөрөнгө оруулалт хийгээд байна. “Макс Групп” нь хүүхэд, боловсрол, хөгжлийг дэмжих урт хугацааны бодлогоо тууштай хэрэгжүүлж, хүүхэд бүрийн мөрөөдөл, ирээдүйн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээ цаашид ч үргэлжлүүлнэ.







