
Монгол шуудангийн төв байрны урд талын явган хүний зам дагуу нэгэн эр олон жилийн турш гутал тосолж суудаг. Түүний өмнө гутлын тос, сойз, даавуу эмх цэгцтэй өрөөстэй. Хажуугаар өнгөрөх жуулчдыг тэр “Hey, polish shoes!” хэмээн дуудан урьж, зарим нь түр саатан гутлаа тослуулдаг.
Түүнийг А.Батжаргал гэдэг. Тэрбээр Улаанбаатар хотын гудамжинд 18 жилийн турш гутал тосолж, хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулж байна.
“Анх 1990-ээд оноос энэ ажлыг хийж эхэлсэн. Эхэндээ Сүхбаатарын талбайн баруун талд суудаг байсан. Харин одоо Монгол шуудангийн урд олон жил сууж байна” хэмээн тэр ярина.
А.Батжаргалын хувьд хавар, зуны улирал хамгийн орлоготой үе. Өдөрт дунджаар 10-15 мянган төгрөг олдог бөгөөд тэр мөнгөө ээждээ өгдөг аж.
“Ажил хийе гэхээр хүмүүс дандаа арын хаалганы хүнээ авдаг. Авна гэдэг ч очихоор “орон тоо байхгүй” гэдэг. Тэгээд л энэ ажлаа хийсээр байна” гэж тэр хэлэв.
Түүний нэг хөл таван хуруугүй. Урьд нь архи уудаг байсан бөгөөд нэг удаа хөлдөж, хуруунуудаа алдсан байна.
“Одоо бол архинд мөнгө үрдэггүй. Урьд нь уудаг байсан. Тэр л намайг ийм болгосон” гэж тэр тайван өгүүлнэ.
Түүний өмнө хар, бор өнгийн тос, сойз, өнгөлгөөний хэрэгслүүд эмх цэгцтэй байрлана.
Тэрбээр “Гутлын тос хар, бор хоёр төрөлтэй. Эхлээд даавуугаар тоос шороог нь арчина. Дараа нь тосолж, хамгийн сүүлд өнгөлнө” хэмээн ажлынхаа талаар тайлбарлав.
Нэг хос гутлыг 3500 төгрөгөөр тосолдог. Зарим үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр, зарим нь дансаар төлбөрөө хийдэг бөгөөд дансгүй учраас таньдаг хүнийхээ дансаар мөнгөө авдаг байна.
А.Батжаргал ээж, ах дүү нарынхаа хамт амьдардаг. Харин өөрийн гэсэн гэр бүлтэй болж амжаагүй.
“Эхнэр, хүүхэд байхгүй ээ. Боломжтой байсан бол мэдээж гэр бүлтэй болохыг хүснэ. Гэхдээ надад энэ ажил маань байхад л болно” гэсэн юм.
Ярилцлагын төгсгөлд тэр өнөөгийн залууст хандаж өөрийн бодлоо хуваалцсан юм.
“Зарим залуус архи уучхаад ээж, ааваасаа мөнгө нэхээд сууж байдаг. Тэгж байхаар босоод ямар ч байсан ажил хийж сурмаар байна. Ямар ч ажил байсан хөдөлмөрлөж олсон мөнгө хамгийн сайхан” гэж А.Батжаргал хэлэв.
Монгол шуудангийн үүдээр өдөр бүр олон мянган хүн өнгөрдөг. Харин тэдний дунд А.Батжаргал өнөөдөр ч өмнөх шигээ гутлаа тослуулах үйлчлүүлэгчээ хүлээн сууна.
Видео үзэх







