
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шүлхийн вакцинжуулалт 100 хувь хийгдсэн. Үхрүүдэд 14 хоногийн дараах давтан тунг хийгээд, САТ-1 өвчний тохиолдлыг бид бүрэн зогсоож чадлаа. Долдугаар сарын 25-нд ОХУ-аас дахин хоёр сая тун орж ирнэ. Үүнийг бид баруун аймгуудын үлдсэн сумууд болон Говь-Алтай, Завхан, Увс аймгийн үхэрт хийнэ.
Шүлхийн вакциныг жилд хоёр удаагийн давтамжтай хийдэг. Дараагийн вакцинжуулалтыг 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд шүлхийн вакциныг дүн өвлөөр 11 сарын сүүл, 12 сард тарьдгаас болоод, вакцин чанаргүй болдог. Үүнээс болоод мал үхдэг. Малчид ч малдаа тариулахгүй гэдэг. Үүнээсээ болоод үхрийн шүлхий бог малдаа халддаг. Шүлхий өвчин гараад байгаагийн учир шалтгааныг олж, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг бид ярих ёстой. Хариуцлагагүй ажиллаж, мэргэжлийн чиг үүргээ биелүүлж чадаагүй хоёр аймгийн мал эмнэлгийн даргыг чөлөөлнө гэсэн бодолтой байгаа.
“Биокомбинат” гээд улсын үйлдвэрийн газар бий. Энэ улсын үйлдвэрийн газартаа Монгол Улс шүлхийн вакцинаа савладаг болно. Энэ аравдугаар сар гэхэд туршилтын эхний тунг гаргаж авна. Тэгээд 2027 оны намар дотооддоо үйлдвэрлэсэн вакциныг малдаа тарина” гэлээ.







