
Богдхан уулын дархан цаазат газрын орчимд 2020–2025 оны газрын бүрхэвчийн (Land Cover) өөрчлөлтийн судалгааны дүнгээр бэлчээрийн талбай 11 хувиар буурч, хотжилт 3 хувиар нэмэгдсэн нь тусгай хамгаалалттай газрын захын бүсэд хүний үйл ажиллагааны дарамт эрчимжиж, монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгджээ.
Үүний улмаас зарим популяци хүний үйл ажиллагааны шууд нөлөөлөлд өртөж, хязгаарлагдмал талбайд өндөр нягтралтай төвлөрөн, байгалийн жамаар тархац нутгаа тэлэх боломж нь хумигдсан буй судалгаагаар тогтоогджээ.
Иймд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран хязгаарлалтын болон орчны бүсэд газар ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтын талбайд орших өндөр нягтралтай, тасархай тарваганы популяциудаас судалгаа, хамгааллын зорилгоор тодорхой тооны бодгаль барьж, нягтрал багатай, экологийн хувьд тохиромжтой амьдрах орчинд шилжүүлэн сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.





Тус амьтан сэргээн нутагшуулах ажил нь мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл, хяналт дор хийгдэж байна.







