
Засгийн газар өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын сайд нар танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын үзэж байгаа хичээлийн тоо их, цүнх хүнд байна. Тиймээс бид хичээлийн тоог цөөрүүлж, сонирхолтой хэлбэрээр хичээллэх хөтөлбөрийн шинэчлэл хийх гэж байна. Зургаан настнуудыг онцлогт нь тохирсон ширээ сандал, сургалтын орчноор хангана. Мөн энэ жил нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар гэсэн хөтөлбөр хэрэгжинэ.
Google компанитай хамтраад, 100 мянган Chromebook авч ирэх гэж байна. Ганцхан компьютер тарааж байгаа хэрэг биш. Нэг багшид нэг хиймэл ухааны туслах багш, нэг хүүхдэд нэг хиймэл ухааны туслах багштай болгож өгч байгаа.
Аравдугаар сарын 1-нээс өмнө цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулж, 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулна.
Мөн бид сурагчдад өдөр бүр нэг аяга сүү өгнө. Төрийн өмчийн 700 сургуульд цэвэр шүүлтүүртэй усны тоног төхөөрөмжөөр хангана.
Энэ жил COP-17 хурал наймдугаар сарын 27 хүртэл Монголд болно. Үүнтэй холбоотойгоор Их дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-ндээ эхэлнэ. Харин COP-17 хурал зохион байгуулагдах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарь болон цахим шилжилтийн шийдвэрийг удахгүй танилцуулна гэлээ.









