
Хоол хүргэлтийн ажилтан Ван Жибиний “Low Flight” нэртэй шүлгийн түүвэр ном Хятадын уран зохиолын салбарын хамгийн том шагнал болох Лү Шүний нэрэмжит уран зохиолын шагналыг хүртжээ.
2019 оноос хоол хүргэлтийн ажил хийж эхэлсэн 56 настай Ван Жибин “Low Flight” номдоо нийтэлсэн шүлгүүддээ хүргэлтийн ажилчдад өдөр бүр тулгардаг асуудлуудыг хөнджээ.
Жяньсү мужид төрсөн Ван Жибин санхүү мөнгөний асуудлаас болж өсвөр насандаа сургуулиа хаяжээ. Тэрээр хоол хүргэлтийн ажилтан болохоосоо өмнө барилга дээр ажиллаж, хог хаягдал түүж, гадаа гудамжинд худалдаа эрхэлж байсан аж. Ном унших дуртай тэрээр сүүлийн 10 жил өөрийн зохиосон шүлэг, өгүүллэгүүдээ нийгмийн сүлжээнд нийтэлсээр иржээ. 2022 онд түүний “Яарч яваа хүн” нэртэй шүлэг цахим орчинд олны анхаарлыг татаж, 2023 онд тэрээр “Man in a Hurry: Poems of a Food Delivery Rider” нэртэй шүлгийн түүвэр номоо гаргасан юм.
Лү Шүний нэрэмжит уран зохиолын шагналыг дагалддаг мөнгөн шагналын дүнг нийтэд зарладаггүй ч 2014 онд 100 мянган юань буюу 14 800 ам.доллар байжээ. Уран зохиолын нэр хүндтэй шагнал хүртэж, мөнгө санхүүгийн тал дээр дутагдах гачигдах зүйлгүй амьдрах боломжтой болсон Ван Жибин хүргэлтийн ажлаа 60 нас хүртлээ орхихгүй гэдгээ мэдэгджээ.
2024 онд гаргасан “Low Flight” шүлгийн түүвэр номдоо Ван Жибин хүргэлтийн олон арван ажилтнуудтай хийсэн ярилцлага, тэдгээрийн санал бодлуудаас санаа авч зохиосон шүлгүүдээ багтаажээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын нийгмийн сүлжээнд цэнхэр захтнуудын нийтэлсэн шүлэг, өгүүллэгүүд уншигчдыг байлдан дагуулж байгаа аж. 2023 онд хүргэлтийн ажилтан Ху Аньяны “Би Бээжинд илгээмж хүргэдэг ажил хийдэг” нэртэй дуртгал ном дотооддоо төдийгүй гадаадын зах зээлд бестселлер болсон бол 2017 онд Хятадад ажилладаг цагаач ажилтны өдөр тутмын амьдралынхаа тухай бичсэн “I am Fan Yusu” нэртэй намтар өгүүллэг цахим орчинд шуугиан тарьж байжээ.
Эх сурвалж: BBC









