
Засгийн газар өнөөдөр өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын сайд нар танилцуулсан юм.
Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил бол орон нутгийн удирдлагуудын онцгой анхаарах ажил, хуулиар олгогдсон үүрэг хариуцлага нь. Үүнтэй холбогдуулж, наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгосон. Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий гарсантай холбогдуулан төлөвлөгдсөн баяр наадмаа хойшлуулж, наймдугаар сарын 1,2-нд хийхээр болсон байгаа. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна. Орон нутгийн удирдлагуудын найр наадмаа хэтрүүлээд өвөлжилтийн бэлтгэл ажлаа цалгардуулдаг. Иймд миний бие өнөөдрөөс төлөвлөгөөгөө гаргаад, 21 аймгаар тойрно. Ер нь орон нутгийн удирдлагууд баяр наадмыг зохион байгуулах л үүрэгтэй болохоос биш өөрсдөө найрлаж, наадаад явдаг байж болохгүй.
Улсын баяр наадмыг зохион байгуулахад 242 хүн ажилласан. Соёл урлагийн арга хэмжээ гээд нийтдээ 13000 хүн ажилласан. 5500 орчим цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Мөн тохижилт үйлчилгээний 2000 ажилчин өдөр, шөнөгүй ажилласан. Бүгдэд нь талархал илэрхийлье. 9.3 тэрбум төгрөг улсын баяр наадам болон Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулагдсан. 2 орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Үүнтэй холбогдуулан Аудитын газар шалгалтаа хийнэ. Наадмын тасалбар өмнө нь урилга хэлбэрээр үнэгүй тараагддаг байсныг зарж борлуулсан. Энэ хоёр орчим тэрбум төгрөгийн орлогоор Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах цогцолборыг ирэх жилийн долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулна.
Энэ жилийн баяр наадмаар цол авсан нэг ч бөхөөс допинг илрээгүй. Аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байх магадлал байна. Гэхдээ энэ бөх цолтой даваанд барилдаагүй” гэлээ.









