
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга өнөө жилийн Хөвсгөл аймгийн наадамд зодоглон тав давж, аймгийн цолны босго алхлаа. Бид зургаадугаар сарын сүлээр түүнийг бөхийн галд дээрээ бэлтгэл сургуулилтаа базааж байхад нь очиж, цөөн хором ярилцсан юм.
Тэрбээр улсын харцага М.Дармаабазарын хүү бөгөөд энэ жил Чингис хааны цомын төлөөх барилдаанд нэгийн даваанд Улсын аварга О.Хангай, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболд, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг дараалан өвдөг шороодуулж бөх сонирхогчдын анхаарлыг татаж, суудал дээр нь өндөлзүүлсэн билээ.
Үүгээр зогсохгүй “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаанд Б.Бат-Өлзий зааныг өвдөг шороодуулсан бол хоёрын даваанд сар шинийн барилдааны түрүү бөхийн таамагт нэрлэгдээд байсан улсын арслан Б.Орхонбаярыг давсан юм.

Сумын заан Д. Мөнхтулга “Нар гарсан дулаахан өдрүүдэд өглөө 7 цагаас зарядка, 11 цагаас хөнгөн бэлтгэл, 16 цагаас зодог, шуудагтай барилдааны бэлтгэлээ хийж байгаа.
Жүдо бөхөөр аравдугаар ангиасаа буюу 14 настайгаасаа барилдаж эхэлсэн. Үндэсний бөхөд шамдаж хичээллээд гурван жил болж байгаа. Энэ жил наадмын бэлтгэлд гурав дахь жилдээ гарч байна. Сумын заануудын барилдаанд анх 2019 онд зодоглож байсан. Гэхдээ 2024 оноос сумын заануудын барилдаанд илүү эрчимтэй барилдаж байгаа. Үүний үр дүнд зургаан удаа шөвгөрсөн.
Энэ улирлын барилдаанд улсын том цолтой бөхчүүдтэй барилдаж үзсэн. Жишээлбэл, О.Хангай аварга болон Улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр зэрэг олон бөхтэй барилдаж, хүчээ үзсэн. Бүгдээс нь хүч, бяр, тэнхээ арай өөр өндөр түвшинд байгаа нь мэдэгдэж байсан. Түүнд нь хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Одоо 1998 оны бар жилтнүүд болох Б.Орхонбаяр арслан, М.Лхагвагэрэл болон 2000 оноос хойшоо болох Э.Батмагнай арслан, С.Сүхбат заан гээд олон сайхан залуу үеийн төлөөлөл бөхчүүд гарч ирж байгаа. Тэдэнтэй эн тэнцүү хүч, бяр, хурдаа сорихын тулд хичээж байгаа.




А.Сүхбат аваргыг үзэж өссөн, одоо Батсуурь, О.Хангай аваргаас үлгэр дуурайлал авч явдаг. Манай аав бөх болохоор дүү бид хоёрт бэлтгэл сургуулилт, хооллолт гээд бүх талд зөвлөгөө өгөөд багш шиг байдаг. Ер нь миний барилдааныг байнга ирж үздэг. Аавыг барилдааныг минь үзэхээр ирэхээр бага зэрэг биеэ барих тал бий. Гэхдээ барилдахад зөвлөгөө өгдөг болохоор ханьтай, их давуу талтай санагддаг. Аавынхаа ид үеийг барилдааныг харж байгаагүй ч одоо бичлэгүүдийг нь үзэж олон зүйл сурдаг.
Манай нутгаас 1990-ээд оноос хойш дөрвөн Улсын гарди цолтон төрсөн. Төрийн наадамд түрүү хүртээгүй олон жил болж байна. 1930-аад оны үед Шагж аварга, Маамын Лхагва арслан, Ш.Санжсүрэн арслан зэрэг түрүү хүртсэн бөх бий. Удахгүй Завхан нутгаас төрийн наадмын түрүү хүртэнэ гэж найдаж байгаа . Би ч гэсэн улсын өндөр цолонд хүрэхээр хичээж бэлтгэл сургуулилтаа хийж байна” хэмээсэн юм.


Тэрбээр 2019 онд 18 настайдаа сумын заан цолтон болж байсан бөгөөд 2022, 2025 онд цолоо баталсан. Мөн 2025 оны гуравдугаар сард болсон сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд найм давж, үзүүрлэж байсан. Энэ жил Завхан аймгийнхаа баяр наадамд барилдахаар зорьж байгаа аж.
Г.Хэрлэн









