
Евро-5 ангиллын АИ-92 бензиний үнэ огцом өсөж, Улаанбаатар хотод литр нь 4960 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин энгийн буюу К-2 ангиллын АИ-92 бензиний үнэ өмнөх сараас литр тутамдаа 200 орчим төгрөгөөр нэмэгджээ.
Албаныхны мэдээлснээр ОХУ-аас нийлүүлж буй К-2 ангиллын бензиний тонн тутмын үнэ 851 ам.доллар байгаа бол Евро-5 ангиллын бензинийг БНХАУ болон бусад нийлүүлэгчээс 1650 хүртэлх ам.доллароор авч байна. Евро-5 бензин нь хүхрийн агууламж багатай бөгөөд үйлдвэрлэлийн нэмэлт боловсруулалт шаарддаг тул өртөг өндөр гардаг аж.
Үнийн өсөлттэй холбоотойгоор энгийн бензинийг Евро-5-ын үнээр борлуулж байгаа гэх хардлага олон нийтийн дунд гарсан. Үүний дагуу “Петровис”-ийн Толгойт дахь агуулахаас хоёр төрлийн бензиний дээж авч шинжлэхэд хоёулаа стандартын шаардлага хангасан байна. Мөн “Тэс”, “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” зэрэг компанийн шатахуунаас дээж авч, лабораторийн шинжилгээ хийж байгаа аж.
Монгол Улс одоогоор АИ-92 бензиний ердийн хэрэглээний ес хоногийн нөөцтэй байна. Нөөцийг цаашид хэвийн түвшин буюу 30 хоногт хүргэхээр ажиллаж байгаа ч богино хугацаанд бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа гэсэн юм.
ОХУ-аас авч буй шатахууны нийлүүлэлт хэрэгцээт хэмжээнд хүрэхгүй байгаа тул БНХАУ болон бусад улсаас бүтээгдэхүүн авахаар хэлэлцэж байна. Урьдчилсан байдлаар есдүгээр сард БНХАУ-аас 10 мянга орчим тонн АИ-92 бензин импортлохоор тохиролцжээ.
Видео:









