
Баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед нийслэлийн шатахуун түгээгүүрүүдийн дүр зураг иргэдийн санаа зовж буй асуудлын нэг болоод байна. Хотын төвөөс захын хороолол хүртэлх томоохон шатахуун түгээх станцуудын өмнө хэдэн арван автомашин урт дараалал үүсгэж, жолооч нар хэдэн цагаар хүлээх үзэгдэл энгийн дүр зураг болов. Зарим салбаруудад түр хугацаанд шатахуунгүй болсон гэх шалтгаанаар автомашинуудыг буцааж, зарим нь борлуулалтаа хязгаарласан гэх мэдээлэл ч гарлаа.
Гэвч үүний зэрэгцээ төрөөс “шатахууны нөөц хангалттай, баяр наадмын үеэр хомсдол үүсэхгүй” гэж мэдэгдэж байгаа нь иргэдийн нүдээр харж буй бодит нөхцөлтэй зөрчилдөж байгаа мэт харагдана. Тэгвэл үнэхээр Монгол Улсад шатахууны хомсдол үүсээд байна уу. Эсвэл энэ нь нийлүүлэлтийн түр саатал уу. Иргэдийн дунд тархаад буй “үнэ нэмэхийн өмнөх зохиомол хомсдол” гэх хардлага үндэслэлтэй юу.
Манай сурвалжлах баг нийслэлийн хэд хэдэн томоохон шатахуун түгээх төвүүдээр ажиллалаа.
Сансарын тойрог дахь Петровисын шатахуун түгээх станцын өмнө автомашины цуваа нэгдүгээр эгнээний замыг даган урт үргэлжилж байв. Жолооч нар ээлжээ хүлээн 30 минут, нэг цаг, зарим нь түүнээс ч удаан хугацаагаар зогсож байсан ч манайх ажиллахгүй байгаа гэх шалтгаан хэлэв.

Үүнтэй ижил нөхцөл 32-ын тойрог дахь Сод Монголын салбар, Энхтайваны гүүрний доорх Петровис, Нарны зам дагуух Шунхлай компанийн шатахуун түгээх станцуудад ажиглагдав. Зарим салбарууд тодорхой хугацаанд шатахуун олгохгүй болсон тухай мэдээлж, автомашинуудыг буцааж байсан нь жолооч нарын бухимдлыг улам нэмэгдүүлжээ.


Иргэдийн ярьж буй хамгийн түгээмэл асуулт нь “Наадмын үеэр шатахуун хүрэлцэх болов уу” гэсэн болгоомжлол байлаа.
Иргэн: Өнөөдөр өдөржин шахуу бензин авах гэж явлаа. Аль ч колонк дээр очсон урт дараалалтай байна. Хэрэв энэ байдлаа дагаад бензиний үнэ нэмэгдвэл зөвхөн шатахуун биш бүх бараа үйлчилгээний үнэ өснө. Эцэст нь иргэд л хохирдог.
Ийм байр суурийг илэрхийлэх хүн ганц байсангүй. Жолооч нарын дийлэнх нь хомсдол гэхээс илүү тодорхойгүй нөхцөл байдалд бухимдаж байгаагаа хэлж байлаа.
Төр “нөөц хангалттай” гэж мэдэгдэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр Монгол Улс өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний 33 хоногийн, АИ-95 автобензиний 44 хоногийн, дизель түлшний 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа аж. Тэрээр мөн баяр наадмын өдрүүдэд шатахууны хомсдол үүсэхгүй бөгөөд хэрэглэгчдийг тайван байхыг уриалсан юм.
Энэ мэдээлэл нь зах зээл дээр шатахуун тасарсан гэх ойлголтыг үгүйсгэж байгаа боловч бодит байдал дээр иргэд олон цагаар дугаарлаж байгаа нь өөр асуултыг бий болгож байна. Хэрэв улсын хэмжээнд хангалттай нөөц байгаа бол шатахуун түгээх станцууд яагаад хэвийн хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байна вэ.
Ерөнхий гаалийн газрын мэдээллээр зөвхөн сүүлийн хоёр хоногт гэхэд 109 вагон АИ-92 автобензин, 156 вагон дизель түлшийг Монгол Улсад оруулж ирэн гаалийн бүрдүүлэлт хийжээ. Өөрөөр хэлбэл импортоор орж ирж буй шатахууны урсгал хэвийн үргэлжилж байна гэсэн үг.
Шатахууны асуудал зөвхөн нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй байна. Энэ сарын 20-нд Үнийн зөвлөлийн хурлаар шатахууны үнийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Монгол Улсад шатахуун нь стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог учраас импортлогч аж ахуйн нэгжүүд дангаараа үнийг дур мэдэн тогтоодоггүй. Импортын өртөг, олон улсын зах зээлийн үнэ, валютын ханш зэрэг хүчин зүйлсийг үндэслэн төрийн оролцоотой хэлэлцэж шийдвэрлэдэг тогтолцоотой.Гэвч зах зээл дээр үнэ нэмэгдэх тухай мэдээлэл гарч эхлэх бүрд иргэд шатахуунаа урьдчилан авах хандлага нэмэгддэг нь эрэлт огцом өсөх шалтгаан болдог.
Сүүлийн өдрүүдэд “Евро-5” шатахууны үнэ нэмэгдсэн асуудал мөн анхаарал татлаа. АМГТГ-ын дарга Д.Даваабаяр хэвлэлд мэдээлэл өгөхдөө НИК компани “Евро-5” шатахууныхаа үнийг 300 төгрөгөөр нэмсэн бөгөөд бусад компани үнэ нэмээгүй гэж тайлбарласан.
Харин үүний дараа НИК буюу Петровис компани албан ёсны залруулга гаргаж, “Евро-5″ шатахууныхаа үнийг ганцаараа болон хамгийн түрүүнд нэмээгүй” гэж мэдэгдэв.Мөн тус компанийн мэдэгдэлд ОХУ-аас 2026 оны долдугаар сард нийлүүлэгдэх зарим төрлийн шатахууны импортын үнэ өссөн талаар хэрэглэгчдэд мэдээлжээ. Энэ нь олон улсын зах зээл дээр импортын өртөг өсөж эхэлснийг компаниуд ил тод мэдээлж буй дохио гэж үзэхээр байна.


Нийгмийн сүлжээ болон шатахуун түгээх станцуудын өмнөх дараалалд зогсож буй иргэдийн дунд нэг нийтлэг хардлага бий. Тэр нь үнэ нэмэхээс өмнө зориудаар нийлүүлэлтээ хязгаарлаж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ. Энэ хардлагыг батлах албан ёсны баримт өнөөдрийн байдлаар байхгүй. Харин төрийн байгууллагууд хангалттай нөөц байгаа гэж мэдэгдэж байгаа атлаа зах зээл дээр эсрэг дүр зураг харагдаж байгаа нь ийм эргэлзээг улам хүчтэй болгож байна.
Шатахууны үнийг нэмэх танил “тактик”
Хэрэв үнэхээр улсын хэмжээнд 30 гаруй хоногийн нөөц байгаа бол тухайн нөөц шатахуун түгээх станцууд хүртэл ямар шалтгаанаар жигд хүрэхгүй байна вэ. Нийлүүлэлтийн сүлжээнд түр доголдол үүсэв үү. Эсвэл импортлогч компаниудын агуулах, ложистикийн асуудал нөлөөлөв үү. Эдгээр асуултад өнөөдөр тодорхой бөгөөд нэгдсэн тайлбар хараахан алга.
Жил бүрийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн шатахууны хэрэглээ эрс нэмэгддэг. Хот хоорондын хөдөлгөөн идэвхжиж, орон нутгийг зорих автомашины тоо огцом өсдөг. Энэ үед нийлүүлэлт доголдвол зөвхөн шатахууны салбар бус тээвэр, хүнс, барилгын материал, өргөн хэрэглээний барааны үнэ хүртэл дараалан өсөх эрсдэл бий. Тиймээс өнөөдрийн асуудал зөвхөн урт дараалал, оочерын тухай биш юм. Энэ бол шатахууны нийлүүлэлтийн ил тод байдал, төр болон хувийн хэвшлийн мэдээллийн зөрүү, хэрэглэгчдийн итгэлийн асуудал болж хувирчээ.
Төр “нөөц хангалттай” гэж тайлбарлаж байна. Харин шатахуун түгээх станцуудын өмнө өдөржин дугаарласан жолооч нарын хувьд бодит байдал өөрөөр харагдаж байна. Наадам эхлэхээс өмнө энэ хоёр дүр зураг нэг цэгт нийлэх эсэх нь ирэх өдрүүдийн хамгийн анхаарал татах асуудал болоод байна.









