
Дэлхийн тансаг зэрэглэлийн Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монгол Улсад хүрэлцэн ирж, COP17 бага хуралд оролцож байна.
Монголын ноолуурын салбарт 40 гаруй жил хамтран ажилласан тус компани 2025 онд “Resilient Threads” таван жилийн хөтөлбөрөө эхлүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн таван сумын малчин өрхийн амьжиргааг дэмжиж, ноолуурын нийлүүлэлтийг тогтвортой болгохын зэрэгцээ зүүн бүсийн тал хээр, биологийн олон янз байдлыг хамгаалахаар ажиллаж байна.
Мөн малчдын эрүүл мэнд, мал сүрэг, байгаль орчны уялдааг хангасан “One Health” зарчмыг хэрэгжүүлж, бэлчээрийн доройтол болон уур амьсгалын эрсдэлийг бууруулахыг зорьжээ. Ингэснээр Монголын ноолуурыг зөвхөн чанартай түүхий эд төдийгүй малчин, байгаль, үйлдвэрлэлийг хамтад нь хамгаалсан тогтвортой үнэ цэнийн сүлжээ болгох юм.









