
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д ажиллах үеэрээ Хятадын үндэсний газрын тосны корпорац буюу CNPC-ийн удирдлагуудтай уулзжээ.
Талууд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд нэмэгдүүлэх гэрээ байгуулахаар харилцан тохиролцжээ.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас, үлдсэн таван хувийг БНХАУ-аас нийлүүлдэг байна.
Иймээс БНХАУ-аас импортлох шатахууны хэмжээг өсгөж, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх нь дотоодын хангамжийг тогтвортой байлгаж, хомсдол үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтойг уулзалтын үеэр онцолжээ.









