
ОХУ Японоос агаарын хөлгийн түлш импортлохоор болсон талаар Reuters агентлагт эх сурвалжууд мэдээлжээ. Энэ сарын эхний хагаст Японы Чиба далайн боомтоос багадаа 200 мянган баррель түлш ачсан танкер БНСУ-ын Йосү боомтыг чиглэн хөдлөх ба Йосү боомт дээрээс тухайн танкерын ачсан түлшийг өөр танкер луу шилжүүлэх аж. Тухайн түлшийг буулгах эцсийн зогсоол нь ОХУ-ын аль нэг боомт байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Өмнө нь ОХУ 2022 оны хоёрдугаар сард яг иймэрхүү шат дамжлагаар түлш импортолж байсныг Reuters онцолжээ. Тухайн үед БНСУ-ын Йосү боомтоос хөдөлсөн танкер Оросын Владивосток хотод 22 мянган баррель агаарын хөлгийн түлш буулгаж байсан аж.
Украины ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлсэн дроны цохилтуудын улмаас Москва бусад улс орнуудаас шатахуун, түлш импортлоход хүрээд байгаа билээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ОХУ Энэтхэгээс хэдийн бензин импортолж эхэлсэн ба Казахстанаас шатахуун импортлохоор яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын дийлэнх мужид шатахуун, түлшний хязгаарлалт үйлчилж байна. Иргэд шатахуун авахын тулд шатахуун түгээх станцуудын гадна олон цагаар дараалалд зогсоход хүрээд байгаа аж.
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр ОХУ-д агаарын хөлгийн түлшний хомсдол үүсэж эхлээд буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэлсэн бол Оросын агаарын тээврийн компаниуд агаарын хөлгийн түлшний нийлүүлэлт буурч, үнэ нь нэмэгдсэн тухай мэдэгдэж байсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: Reuters









