
Комедиан Хану буюу Ч.Хантүмэн бизнесийн орчин болон татварын дарамттай холбоотойгоор өөрийн дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага биш хувь хүн төлдөг больё. НӨАТ-ыг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэе” гэдэг уриалга гаргаад байгаа юм.
Ч.Хантүмэн “Миний хувьд НӨАТ болон нийгмийн даатгалаас нуусан айх зүйл байхгүй, хугацаандаа төлөх зүйлээ төлөөд явж байгаа учраас татварын дарамтын талаар чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна. Төр засаг татварын тал дээр бидний хүсэж буй шийдлийг бодит болгох ажлыг хийхгүй байна.
Нэгдүгээрт, нэмэгдсэн өртгийн албан татвар\НӨАТ\-ын дарамт өндөр байна. Бизнес удирдаж эхлээгүй байхдаа Монголын эдийн засгийн талаар тэр бүр анзаардаггүй байлаа. Өөрөө компани удирдаж эхлээд монголд банкны зээлийн хүү, бизнесийн орчин ямар хэмжээний асуудалтай гэдгийг мэдэж байна. Монгол Улсын бараг 70 гаруй хувь нь өдөр тутамдаа НӨАТ төлдөггүй. Үнэхээр 20-30 хувь нь НӨАТ төлөөд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд байдаг. Ийм болохоор иргэдийн худалдан авалтын багахан хэсэг нь л НӨАТ-тэй байдаг. Бага хэсэг нь төлөөд үлдсэн хэсэг нь төлдөггүйгээс үндэслээд шударга бус байдал үүсээд буй учраас НӨАТ-ын дарамтад орж байна.
Төрөөс НӨАТ-ын 400 сая төгрөгийн болгож байгаа гэсэн. Гэхдээ тэр жижигхэн найман нэрийн дэлгүүр эсвэл ямар нэгэн компани жилийн дотор НӨАТ төлөгч болох ямар ч боломж байхгүй. Бараа аваад зарж байгаа хүмүүс дамжуулан борлуулагч хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр та сая төгрөгийн борлуулалт хийлээ гэж бодоход ашиг нь 20 хувьтай байдаг.
Түүнээс түрээснээс эхлээд бүх зардлаа хасахад сая төгрөгийн борлуулалт хийдэг жижиг компани эсвэл дэлгүүрт өөрт нь ирэх ашиг бараг байхгүй болчхож байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийгөө болон хэдэн хүн цалинжуулсан л болно. Түүнээс биш овойж, оцойгоод байх зүйл огт байхгүй. Түүнийг манай төр засаг мэдэхгүй байна. Аль болох бүгдээс татвар авч их том татварын баазыг үүсгэвэл төр засаг янз бүрийн зүйл хийж харагдах гээд байгаа. Мөнгөтэй байж аливаа зүйлийг хийж харагдана. Тэгвэл дахин сонгогдоно. Гэтэл бодит амьдралд 400 сая төгрөгийн босго, 720 мянган төгрөгийн цалин аваад амьдрах хүн Монгол Улсад байхгүй. НӨАТ-ыг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэмээр эсвэл бүр байхгүй болгомоор байгаа юм.
Мөн нийгмийн даатгал гээд заваан зүйл байна. Ер нь нийгмийн даатгал компани төлөх ёстой юу, үгүй гэдэг эргэлзээтэй. Компани хэзээ ч декрит авахгүй байж нийгмийн даатгал төлөөд байдаг. Нийгмийн даатгал төлж байгаа компаниуд хохирсоор байна.
Нийгмийн даатгалыг компани огт төлмөөргүй байна. Ажилтан өөрсдөө нийгмийн даатгалаа төлдөг байвал маш энгийн бөгөөд гоё байгаа. Тэгвэл хөдөлмөр эрхлэгчид яагаад миний мөнгийг улс авдаг, би үүнээс яагаад юу ч авдаггүй вэ гээд нийгмийн даатгал руугаа шаардлага тавиад явна.
Ард түмэн нь төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй байгаа болохоор давраад байна. Ер нь бүх намын мөрийн хөтөлбөрт “Татвараа багасгана” гэж байгаа. Үнэндээ багасгаагүй харин ч илүү нэмсэн. Гудамжаар яваад харвал “Street food”-үүд ямар хэмжээгээр ихэссэн байна. Бүгд НӨАТ төлөхгүй худалдаа эрхэлж байгаа. Тэгэхээр тэд өөрсдийн ажиллуулдаг байсан жижиг, дунд бизнес нь дампуураад аргагүйн эрхэнд гудамжинд гараад байж байгаа гэсэн үг. Өвөл гэхэд бүр хэцүү болно байх.
Тиймээс монголчуудаа төр засаг бидний хүсээд байгаа татвараа багасгах, бизнесийн орчныг сайжруулах талд юу ч хийхгүй байна. Сүүлийн хэдэн хэн ямар сандал дээр суух, яаж мөнгө идэх үү гээд алалцлаа. Төрийн компаниудын захирал сарын 65 сая төгрөгийн цалинтай байгааг та нар ч бас анзаарсан байх. Ийм данхар болсон төр засаг юу ч хийхгүй. Иймд бид тайван байдлаар татварын дарамтыг бууруулах талдаа үзэл бодлоо илэрхийлж илүү эрчимжүүлмээр байна” хэмээлээ.
Видео үзэх холбоос:









